Өнгөрсөн 4-р сараас хойш шатахууны нөөцийг түүхэндээ байгаагүйгээр их хэмжээнд нөөцөлжээ

ОХУ-д Автобензин, дизель түлш экспортлохыг хориглох шийдвэр гарсантай холбоотойгоор манай улсын шатахууны нөөцийн талаар салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал, манай улсын хувьд өнөөдрийн байдлаар урьд өмнө нь байгаагүйгээр шатахууныг нөөцөлсөн талаар салбарын сайд мэдээлж байна. Мөн дизель түлшний 40-өөс дээш хоногийн нөөцтэй байгаа юм байна. Үүнээс гадна АИ-92 автобензиний үнэ Улаанбаатар хотод нэг сарын хугацаанд одоо байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг салбарын сайд онцлон хэллээ.

ОХУ түр хугацаанд шатахууны экспортоо зогсоосон энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд шатахуунаа нөөцөлж, ШТС-ууд ачаалал ихтэй байсан юм. Тэгвэл 9-р сарын 23-25-ны хооронд ОХУ-ын холбооны хурлын төрийн Думын дарга В.Володин Монгол улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд шатахууны асуудлыг чухалчлан ярих юм байна. Мөн монгол улсад хэрэглэж буй евро-2 автобензин нь экспортын хоригт ороогүй байх магадлалтай. Үүнийг хоёр хоногийн дараа мэдээлнэ гэдгийг салбарын сайд хэллээ.

Манай улс нь ОХУ-ын Роснефть компаниас шатахууны зах зээлийнхээ 80 орчим хувийг хангадаг. Тэгвэл нэг улсаас хэт хамааралтай энэ байдлыг арилгах шаардлага байдаг ч одоогоор өөр улсаас автобензин, түлш импортлоход тээвэрлэлт, үнийн асуудал хүндрэлтэй байгаа юм. Мөн манай улсад баригдаж буй газрын тосны үйлдвэр 1-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар салбарын сайд мэдээллээ.