Нийслэлд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийт 38 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс явган зорчих үедээ 26 хүүхэд бэртэж гэмтсэн бол нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо байна. Тодруулбал өчигдөр СХД-ийн Тахилт орчимд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр эмэгтэй хүүхдийг хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч мөргөж 12 настай “Н” -ийн амь насыг ноцтойгоор хохироолоо.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр 13 настай хохирогч охины биеийн байдал одоогоор тогтвортой байна. Ослын улмаас шагайн хавчаар яс хугарсан, цаашид шаардлагатай эмчилгээ оношилгоог хийж байгаа гэсэн юм. Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нь 27 настай эрэгтэй. Шалгалтаар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн мансуурсан, сэтгэцэд нөлөөлсөн эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэсэн юм.
Өнгөрөгч 2022 онд зам тээврийн ослын улмаас 280 иргэн амь насаа алджээ. Үүнээс 27 нь бага насны хүүхэд байна. Энэ мэтчилэн жолооч нарын санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан осол сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна. Судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байгаа бол Монгол улсад 100 мянган хүн тутмын 21 нь энэ төрлийн ослоор нас бардаг гэж гарсан байна.