Канад улсад оршин суудаг Энэтхэгийн “СИКХ” угсаатны тусгаар тогтнолыг дэмжигч, идэвхтэн Хардип Сингх Нижжар энэ оны эхээр Торонто хотод бусдын гарт амиа алдсан юм. Тэгвэл уг аллагыг Энэтхэгийн Засгийн газрын захиалгаар үйлдсэн байж болзошгүй талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн нь хоёр улсын хооронд дипломат маргаан өдүүлээд байгаа юм.
Тэгвэл дипломат маргаан гүнзгийрч байгаа тул Энэтхэгийн Засгийн газраас Канадын иргэдэд тодорхойгүй хугацаанд виз олгохооргүй болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Мөн хоёр улсын Засгийн газраас элчин сайдын яамны ажилтнуудаа харилцан татан авахаа өмнө нь мэдэгдээд байсан юм.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд “Канадын эрх баригчдын хайхрамжгүй мэдэгдлийн улмаас тус улсад оршин суудаг Энэтхэгийн иргэдийн аюулгүй байдалд асуудал үүссэн. Уг шалтгаанд үндэслэн визийн олголтоо тодорхойгүй хугацаанд зогсоож байна” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Канад улсад оршин суудаг өөрийн иргэдийг анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хамгаалахыг уриалжээ.
Өнгөрсөн долоо хоногт Канадын Засгийн газар “СИКХ” угсаатны тэргүүнийг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албаны ажилтнууд холбоотой байж болзошгүй талаар мэдээлсэн юм.