ОХУ-ын Хар тэнгисийн Флотын командлагч эсэн мэнд байгааг харуулсан дүрс бичлэг нийтлэгджээ

Өнгөрөгч Даваа гарагт ОХУ-ын Хар тэнгисийн Флотын командлагч Виктор Соколов Украины армийн пуужингийн довтолгооны үеэр амиа алдсан талаар Киевийн талаас мэдээлсэн юм. Тэгвэл Мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны уулзалтад Виктор Соколов цахимаар оролцож байгааг Оросын Төрийн мэдлийн телевиз шууд дамжуулжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон бусад армийн дарга, командлагч нарын биечлэн оролцож байгаа уулзалтад Виктор Соколов цахимаар холбогдож байгааг дүрс бичлэгт харуулсан байна. Гэхдээ дүрс бичлэгийг яг хэзээ авсан болон телевизийн шууд дамжуулалт нь үнэн бодит эсэхэд шинжээчид эргэлзэж байгаагаа илэрхийлж байна.

2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний хууль бусаар хяналтдаа оруулсан Крымын Севастополь боомт дахь Оросын Хар тэнгисийн Флотын төв байр руу Украины арми саяхан пуужингийн цохилт өгсөн юм. Агаарын довтолгооны үеэр Оросын Тэнгисийн цэргийн Флотын 30 гаруй өндөр дээд албан тушаалтан, командлагч Соколовын хамт амиа алдсан гэж Украины тусгай хүчнийхэн Даваа гарагт мэдээлжээ. Тэгвэл ОХУ-ын хууль тогтоогчид агаарын довтолгооны улмаас амссан хохиролоо нуун далдлахын тулд дээрх дүрс бичлэгийг нийтэлснийг Украины тусгай хүчнийхэн өчигдөр мэдэгдэж мэдээллийг сайтар нягтлан шалгаж байгаагаа Өрнөдийн хэвлэлд уламжилжээ.

Мөн өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын Флотын командлагч амь эрсэдсэн эсэхийг лавласан сэтгүүлчдийн асуултад тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

Мягмар гаргийн шууд дамжуулалтын дүрс бичлэгт ОХУ-ын Батлан хамгаалахын Сайд Сергей Шойгу энэ сард Украины 17 мянга гаруй цэрэг, 2700 орчим зэр зэвсгийг устгасан талаар ярьсан бол уулзалтад цахимаар оролцсон адмирал Соколов огт ам нээгээгүй, албаны ярианд оролцоогүй нь дүрс бичлэгт харагдаж байгаа юм. Түүнчлэн Сергей Шойгу “Барууны зэвсгээр зэвсэглэсэн Украины армийн бэлтгэлгүй цэргүүд Фронтын бүх шугамаар давшсан ч ноцтой хохирол амсаад буцсан” хэмээн уулзалтын үеэр онцолж байжээ.