АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтад нэгдэн үзэл бодлоо илэрхийлжээ 

Өнгөрөгч Мягмар гарагт Цагаан ордны тэргүүн Жо Байден Мичиган мужийн автомашины үйлдвэрийн ажилчдын ажил хаялтад нэгдэж, нэгэн  түүх бүтээлцжээ. Тэрээр ажилчдын жагсаалд нэгдэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн төдийгүй компанийн удирдлагуудын хамтаар цалин хөлс нэмэгдүүлж, ажлын орчноо сайжруулахыг уриалсан байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Мичиган мужийн автомашины үйлдвэрийн ажилчдын ажил хаялтад нэгдэж, тэдний эрхийн төлөө жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн нь түүх болон бичигдэн үлдэж байна. Өмнө нь Жо Байден ийм төрлийн арга хэмжээнд огт оролцож байгаагүй юм.

Тэрээр Мягмар гарагт “Үйлдвэрийн ажилчид цалингийн нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг эдлэх эрхтэй" хэмээн хэлжээ. Жо Байден ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлынхаа хүрээнд Мичиган мужид зочилсон бөгөөд ийнхүү ажил хаялтад нэгдсэн нь гэнэтийн үйл явдал болсон байна. Тэгвэл ажил хаялт зарласан автомашины үйлдвэрийн ажилчид асуудлыг улс төржүүлэхгүй байхыг Жо Байденд уриалаад, зүгээр л түүнийг хол байхыг хүссэн байна. 

АНУ-ын хууль тогтоогчид болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татвар төлөгчидтэй эв санааны хувьд хамт гэдгээ илэрхийлэн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд нэгдэх тохиолдол цөөнгүй байдаг. Харин одоогийн ерөнхийлөгчийн хувьд ийм арга барилыг сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байгаагүй нь түүхэн үйл явдал болсныг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Мичиган дахь Форд автомашины үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зарим нь Жо Байденыг улс төрийн зорилго өвөртлөн ажил хаялтад нэгдсэн гэж үзэж байгаа бол зарим нь түүнийг асуудлыг бодитоор шийдвэрлэхэд түлхэц болно гэж үзжээ. 

Форд компанийн ахмад ажилчид “Бид сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч ажил хаялтад нэгдээсэй гэж хүсээгүй. Бид ард түмнийг хагалан бутаргахыг эрмэлзэхгүй байгаа төдийгүй улс төр, ажил хаялт хоёр нь тусдаа асуудал. Хэрэв уг асуудалд улс төр холилдвол ард олныг талцуулах аюултай” хэмээн ярьсан байна. 

Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “2022 онд төмөр замын салбарын ажилчдын хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд Жо Байдены засаг захиргаа аж ахуйн нэгжүүдэд улс төрийн дарамт учруулалгүйгээр нөхцөл байдалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэснээр эерэг үр дүн авчирсан” гэдгийг онцолсон байна.