Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Тэгвэл шинжилгээгээр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол улсын Арслан М.Бадарч нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон жагсаалтад орсон бодис хэрэглэсэн болох нь батлагджээ. Тиймээс улсын Арслан М.Бадарчийн барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, бөхийн цолыг нь хураах саналыг Монгол улсын ерөнхийлөгчид уламжлахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаас шийдвэрлээд байна.
Улсын Арслан М.Бадарчийн допинг хэрэглэсэн нь баталгаажсанаар Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны 7-р сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргаад байна. Үүнтэй холбоотойгоор жил бүр Үндэсний их баяр наадмаар барилдсан бөхчүүдэд допингийн асуудал үүсч байгаад иргэд дургүй байгаагаа илэрхийллээ.
Допинг хэрэглэсэнтэй холбоотойгоор Улсын Арслан М.Бадарчийн наадмаар гаргасан амжилтыг тооцохгүй байх саналыг ийнхүү албаны зүгээс гаргаад байна. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Улсын Арслан цолыг хураах юм. Ингэснээр
- Аймгийн Хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын Начин
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын Харцага
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож Улсын Заан
- Улсын Гарди Цэдэнсодномын Бямба-отгоныг ес давсанд тооцож Улсын Арслан цол олгох саналыг Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
- Мөн Улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.