Манай улсын кино театруудад жилд дунджаар 40 орчим дотоодын кино бүтээл нээлтээ хийдэг. Гэсэн ч тэдгээрийн 3-4 нь л ашиг олдог бөгөөд үлдсэн 90 гаруй хувь нь зардлаа ч нөхөж чаддаггүй байна. Энэ нь тухайн киноны маркетингтай шууд холбоотой бөгөөд уран бүтээлчид мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах тал дээр анхаарах шаардлагатайг салбарынхан хэлж байна. Мөн үзэгчдийн зүгээс маркетингийн нэгэн хэвийн байдал нь уйдаадаг гэдгийг хэлж байгаа юм.
Кино уран бүтээл театрын дэлгэцнээ гарч эхэлсэн цагаас бизнесийн харилцаанд ордог байна. Бизнес тодорхой хэмжээгээр борлуулалт хийж ашиг олсноор дараагийн бүтээгдэхүүнээ гаргах, үйл ажиллагаагаа сайжруулах боломж бүрддэгтэй адил кино урлаг ч мөн борлуулалтын ашгаасаа техник технологио сайжруулах, цаашлаад дэлхийд үнэлэгдэхүйц бүтээл үйлдвэрлэх боломж бий болдог байна.Гэсэн ч манай улсын дотоодын уран бүтээлийн маркетинг хангалтгүй байна.
Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 кино студи, продакшн байгаа бол 9368 суудал бүхий 15 кино театр үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны эхний хагаст кино театруудын дэлгэцнээ 24 Монгол кино гарч, нийт 1,001,586 тасалбар борлуулжээ. Нэг тасалбар дунджаар 10 мянган төгрөг гэж тооцоолбол театрын зах зээлээс 10 тэрбум 15 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
Нээлтээ хийсэн 24 киноны нийт орлогын 68 хувийг гуравхан киноны тасалбар борлуулалт эзэлж байгаа бөгөөд үзэгчдийн тоо 100 мянгаас дээш байна. /Баян боол-296,91 Монгол-217,892 Сүйт бүсгүй-166,336/
Үлдсэн 8 кино нь 10 мянгаас дээш тасалбар борлуулсан бол 13 кино нь 10 мянгаас доош үзэгчтэй, хамгийн бага нь 130 тасалбар борлуулсан байна.
Хэдийгээр сайн зохиол, чанартай уран бүтээл гарсан ч маркетингаа сайн хийж чадаагүйн улмаас үзэгчдэд хүрэхгүй байх тохиолдол ч байдаг байна.
Тэгвэл кино уран бүтээлчдийн зүгээс Олон улсын маркетингийн чиг хандлага, зах зээлийн зорилтот үзэгчдийн сонирхол зэрэгт тулгуурлан мэргэжлийн багаар маркетингаа хийлгэх нь зөв шийдэл хэмээн үзэж байна.
Соёлын яамнаас хийсэн судалгаагаар 2020 оны байдлаар кино, дуу дүрсний салбар тухайн жилдээ 850 гаруй тэрбум төгрөгийн орлого олжээ. Тухайн орлого нь шууд болон дам байдлаар дуу хөгжим, утга зохиол, маркетинг сурталчилгаа зэрэг бусад салбартаа нөлөөлж байгаагаас гадна түүх, соёлын үнэт зүйлсээ кино урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг байна.