Нийтийн тээврийн парк шинэчлэлээр оруулж ирээд байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобусыг худалдан авах ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулжээ. Гэвч эдгээр нь шинэ биш, хуучин автобус гэж үзэж байгаа ХҮН намын ажлын хэсэг тухайн автобуснуудыг оруулж ирсэн “Тэнүүн огоо” компанийн автобус баазад очиж ажилласан байна. Тэдний шалгаснаар автобусны арлын дугаарын бүртгэл нь 2023 оных биш, 1993 онд үйлдвэрлэгдсэн гэж үзжээ. Харин Нийслэлийн нийтийн тээврийн газраас тухайн автобуснуудыг үйлдвэрээс гарсан цагаас нь авхуулаад хүлээж авах хүртэл нь ажлын хэсэг хариуцан ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна.
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн худалдан авсан байна. Энэ хуулийн заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан байна. Тэгвэл ХҮН намын зүгээс нууцад хамруулж худалдан авах ажиллагаа явуулсан тул хотын дарга Д.Сумъяабазар болон, нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг огцрох хангалттай шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн уг асуудлын талаар шалгах бүхий л ажиллагааг явуулж шаардлагатай тохиолдолд Вьетнам улс руу явж шалгалтын ажлыг хийнэ гэсэн юм
Шинэ автобуснуудыг худалдан авах тендерт “Тэнүүн огоо” ХХК шалгарсан байна. Тэгвэл гүйцэтгэгч компанийн зүгээс их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлжээ. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан байна. Тэгвэл Нийтийн тээврийн газраас евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл ажлын хэсэг ажиллаж байгааг хэлж байгаа юм. Мөн 2023 онд үйлдвэрлэгдсэн автобус 1993 оны үсгээр явдаг, арлын дугаар давхцаж болно гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга мэдэгдлээ.
Шинээр оруулж ирсэн автобуснууд хуучин гэгдэж байгаа уг асуудлыг нууцад хамааруулаагүй гэдгийг нийслэлээс хэлж байгаа юм. Гэсэн ч Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг шалгаж эхэлсэн байна. Тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, техникийн шинжээч томилон ажиллаж эхэлсэн байна.