Умард Солонгос руу оргосон АНУ-ын цэргийг эх оронд нь эргэн авчиржээ

Өнгөрсөн 7-р сард Өмнөд Солонгосоос Умард Солонгос руу дүрвэсэн Травис Кинг хэмээх Америк цэргийг удаан хугацаанд үргэлжилсэн дипломат яриа хэлцлийн үр дүнд эх оронд нь эргүүлэн аваачжээ. 23 настай, тагнуулын мэргэжилтэн Травис Кинг нь 2021 оны 1-р сараас хойш Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй Умард Солонгос руу оргохоосоо өмнө Сөүл хотноо хоёр хүний биед халдаж, цагдаагийн машин руу өшиглөснийхөө төлөө сахилгын шийтгэл хүртсэн байжээ.

Тэрбээр Сөүлд тарьсан хэргийнхээ сахилгын шийтгэлийг эдэлсэн ч АНУ-Өмнөд Солонгос хоёр улсын зөвшилцлийн дагуу армиас хөөгдөж, эх орондоо буцах нь бараг тодорхой байсан гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Гэвч 23 настай залуу нутаг буцаж, хатуу шийтгэл хүртэхээс эмээж байсан тул Солонгосын хойгийн хилийн хамгаалалтын бүсийн Панмунжом тосгоныг үзэж сонирхох хөтөчтэй аялалд гарсан байна. Харин энэхүү хилийн хориотой бүсэд аяллаар зорчих үедээ Америк цэрэг хууль бусаар хил давж Умард Солонгосын газар нутагт хүрчээ.

Түүнийг хил давсны дараа АНУ-ын дипломат албаны ажилтнууд идэвхтэй яриа хэлцэл явуулснаар Травис Кингийг өнгөрөгч лхагва гарагт Хятад улсын хилийн Дандонг хотоос Сөүлд хүргэсэн төдийгүй өнгөрөгч пүрэв гарагт эх оронд нь буцаахаар болжээ. Харин энэ үйл явдлыг Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АНУ-ын арми дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон нэгнийг эх оронд нь буцаалаа. Түүнтэй хүнлэг бусаар харьцсан учраас манай улсад хүрэлцэн ирсэн” гэж мэдээлжээ. Одоо Травис Кингд сахилгын болон захиргааны шийтгэл оногдуулахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт хамруулахад нэн даруй анхаарал хандуулна гэдгийг Төрийн департментаас мэдээлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын визийн хоригт багтдаггүй Шведийн дипломат ажилтнууд Пёньяан хотод очиж Америк цэргийг БНХАУ-ын хилийн Дандонг хотод авчирсан бөгөөд түүнийг тэндээс Төрийн департментын онгоцоор Сөүлд хүргэсэн байна. Одоо Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа эх оронд нь хүргэхээр болжээ.