Ши Жиньпин “Бүс ба зам” чуулга уулзалтын өмнө БНХАУ-ын зах зээлийг илүү нээлттэй болгох амлалт өгсөн байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин үндэстэн дамнасан хамтын ажиллагааг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар зах зээлээ тэлэх, нээлттэй болгох амлалтыг өгсөн байна. “Бүс ба зам” чуулга уулзалтын өмнө Хятад улсын дарга Ши Жиньпинийг эдийн засгийн салбартаа бага зэрэг бодлогын өөрчлөлт оруулах төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ.

Хятад улсын дарга дээрх мэдэгдлийг өнгөрөгч лхагва гарагт Хятад улсын Коммунист намын тэргүүлэх удирдагч нарын уулзалтын үеэр хийсэн байна. Ши Жиньпин дарга Хятад улс 2001 онд дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэний алдар гавьяаг онцлон тэмдэглээд, тус улс нь өдгөө 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байгааг дурджээ. Уг хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдаалах, нийлүүлэх хэлэлцээрт Канад, Япон тэргүүтэй 11 улс багтдаг байна.

Бээжин хотноо болох "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны хүрээн дэх чуулга уулзалтын өмнө хийсэн Ши Жиньпиний энэхүү мэдэгдэл нь БНХАУ-ын өсөлт нь саарсан эдийн засгаа сэргээх гүн хүсэл эрмэлзэл байсан гэж шинжээчид дүгнэжээ.

АНУ-ын хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Хятад улс руу хийх зарим төрлийн экспортдоо хязгаарлалт тогтоох шийдвэрийг Ши Жиньпин эрс эсэргүүцэж байгаа юм. Дотоодын зах зээлээ гадны нийлүүлэгчдээс хамгаалах, эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлэхийг тэрбээр эрс эсэргүүцэх хэрэгтэйг онцолжээ.

Ши Жиньпин мөн ДХБ-ын шинэчлэлтэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд дэлхийн худалдааны байгууллагын маргааныг зохицуулах механизмын хэвийн үйл ажиллагааг сэргээхэд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.