Нийслэлийн 12-р дунд сургууль хичээлийн байргүйн улмаас 3 ээлжээр хичээллэж байна. Тэгвэл нийт суралцагч 3300 орчим хүүхдээс 3-р ээлжид 300 гаруй сурагч хичээллэж байгаа бөгөөд тэдний хичээл оройн 19 цаг 10 минутад тардаг байна.
Сонгинохайрхан дүүргийн 38-р хороонд байрлах 12-р сургуулийн 3-р ээлжид 300 гаруй сурагч суралцаж байна. 3-р ээлжид бага бүлэг буюу 3 болон 4-р ангийнхан хичээллэдэг бол 6-9-р ангийнхан цахимаар хичээллэж байгаа юм. 3-н ээлжээр хичээллэж байгаа сурагчдын хувьд оройтож гэртээ харих, хичээл дээр нойрмоглох, хичээлээ ойлгохгүй байх, мөн хүйтний улирал эхэлсэн энэ үед дархлаа нь суларч ханиад хүрэх, улмаар хичээл сургууль завсардах зэрэг олон асуудал тулгараад байгаа юм.
Хол гэртэй зарим хүүхэд хичээлээ тарж явсаар 9 цагийн үед гэртээ ирдэг. Энэ нь бага ангийн сурагчдын хувьд унтаж амрах ёстой цаг байтал дөнгөж гэртээ ирдэг нь ядрах, нойргүйдэх, сурлагын чанар муудах эрсдэлтэйг эцэг эхийн төлөөлөл хэлж байна.
12-р сургуулийн 4е ангийн сурагч Энххүслэнгийн хичээл орой 19 цаг 10 минутад таржээ. Хичээл тараад гэр хүртэл явах цаг гаруйн хугацааг замын түгжрэлд өнгөрүүлсээр гэртээ 21 цагт очдог. Энххүслэнгийн насны хүүхдүүд үдшийн 9 цагт унтаж амрах ёстой гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэрээр гэртээ хариад гар нүүрээ угааж, хоол ундаа идсэнээр 10 цаг өнгөрөөж орондоо ордог гэсэн юм. Орой тарж ирээд ядардаг тул хичээл хийх боломж байдаггүй, өглөө эртлэн босож өдөр өнжүүлэх дээрээ даалгавраа хийдэг тухайгаа хэлж байна.
Хүүхдүүдийн ачаалал их байгаа нь хүндрэлтэй байгааг анги удирдсан багшийн зүгээс ч хэлж байна. Мөн багш нарын зүгээс сургуулийн байрыг хурдан ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байна.
Хүйтний улирал ирж байгаа энэ цаг үед гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдүүд автобус унаанд суух, харанхуй гудамжаар явах зэрэг нөхцөл байдал үүснэ. Хэрэв эдгээр хүүхдүүд ямар нэгэн байдлаар эрсдэлтэй нөхцөл байдалд орвол хэн хариуцлага хүлээн нь тодорхойгүй байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р дунд сургуулийн өргөтгөлийн байр 11-р сарын 1 гэхэд ашиглалтад орно гэж байгаа боловч хэрэв хугацаандаа амжиж орохгүй бол идэр ес эхэлсэн өвлийн хүйтнийг хэрхэн давах тухайгаа төсөөлөхөд хэцүү байгааг эцэг эхийн төлөөллүүд хэлж байна.