Манай улс 2020 оноос түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд хийнд угаартсан цаашлаад амь насаа алдсан иргэдийн тоо нэмэгдсэн байна. Энэ нь түүхий болон сайжруулсан түлш нь хоёул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг харуулж байгаа бөгөөд энэ нь нэгэнтээ нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг харуулж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
- Өнгөрөгч 2022 онд угаарын хийд хордсон нийт 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүний амь нас хохирсон тохиолдол гарчээ.
- Тэдгээр хохирогчдын дийлэнхийнх нь гэрт угаарын хийн мэдрэгч байгаагүй нь тогтоогдсон байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 60.000 орчим айл өрх л угаарын хийн мэдрэгч суурилуулсан байдаг байна.
- Нийслэлийн утааг бууруулах ажлын хүрээнд 23 орчим тэрбум төгрөг төсөвлөөд байгаа бөгөөд үүний тодорхой хэсгийг гэр хорооллын айл бүрд угаарын хийн мэдрэгч байршуулахад зарцуулна гэж төлөвлөж байгаа юм байна.
- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын 200.000 гаруй айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Түүнчлэн сайжруулсан түлш нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна утаа, тортог, үйрмэг ихтэй зэрэг чанарын хувьд муудсан гэдгийг иргэд хэлж байна.
2020 оноос хойш шахмал түлшний технологийн горимд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түлшний чанар муудаагүй гэдгийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүн баталдаг гэж албаны зүгээс мэдэгдэж байна. Мөн иргэд зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хийн мэдрэгчийг тогтмол ажиллуулахыг сануулж байна.
Сайжруулсан шахмал түлш нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Мөн угаарын хийтэй холбоотой нэгдсэн стандарт байдаггүй гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байна.
Сайжруулсан шахмал түлшний угаарын хий нь хүний мэдрэхүйд нөлөөлдөггүй учир хүнийг шууд үхэлд хүргэж байна. Үүнээс харвал сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс хоруу чанарын хувьд илүү байна. Тиймээс дотоод орчны агаарын чанарын стандартыг баталж, угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн тоог бууруулах арга хэмжээг хурдан хугацаанд авах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.