Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны армийн эрхшээлдээ оруулсан уулын Карабахын бүс нутгийн оршин суугчдын бараг тэн хагас нь Армени улс руу дүрвээд байгаа төдийгүй цаашдаа ч үлдсэн хүмүүс нь орон гэрээ орхин явах төлөвтэй байна. Азербайжаны эрх баригчид Карабах болон Арменийг холбодог гол замд тавьсан хоригоо 10 сарын дараа цуцалж, зорчих хөдөлгөөнийг нээснээс ердөө хоёр хоногийн дараа 70.000 орчим оршин суугч орон гэрээ орхин явжээ.
Уулын Карабахын бүс нутагт албан ёсны бүртгэлтэй 130 мянга орчим оршин суугч байдаг гэж Арменийн засгийн газраас мэдээлсэн бөгөөд сүүлийн хоёр хоногт 70 мянга орчим хүн тус улсын хилийг нэвтэрсний 20 мянга орчим нь хүүхэд байсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны зэвсэгт хүчин салан тусгаарлагдсан уулын Карабахын бүс нутгийг эрхшээлдээ оруулсны дараа оршин суугчдад хор хөнөөл учруулахгүй гэдгээ онцолж, зөвхөн засаг захиргааны бүтцэд өөрчлөлт орж байгаа тухай мэдэгдэж байсан юм. Мөн Азербайжаны ерөнхийлөгч уулын Карабахын оршин суугчдад шинээр иргэний харьяалал олгож, амьдралын ахуйд нь санаа тавихаа дурдаж байжээ. Гэвч оршин суугчид тэдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй төрсөн гэрээ орхиж Армени улс руу дүрвэхийг чухалчилсан байна.
Уулын Карабахын оршин суугчид “Түүхийн хувьд гарал үүсэл нэгтэй ахан дүүс маань биднийг түрэмгийлэгчдээс хамгаалсангүй. Манай засаг захиргаа бууж өгөх шийдвэр гаргалаа. Асуудал ингээд дууслаа. Та бүхний харж байгаагаар ердөө хоёр долоо хоногийн хугацаанд энд нэг ч Армян үндэстэн үлдэхгүй нь” хэмээн өрнөдийн хэвлэлд ярьжээ.
Өнгөрөгч долоо хоногт Азербайжаны зэвсэгт хүчин ердөө 24 цагийн хугацаанд уулын Карабахын бүс нутгийг бүрэн хяналтдаа авч, Арменийн засгийн газар зэвсэгт хүчнээ тус бүс нутагт илгээхээс татгалзсанаар 100 гаруй жил үргэлжилсэн цуст мөргөлдөөн дуусгавар болсон гэж шинжээчид үзэж байна.