АНУ найтаахад дэлхий нийт ханиад хүрдэг хэмээх ёгт хэллэг байдаг. Тэгвэл дэлхий нийтэд АНУ-аас дутахгүй өндөр нөлөөтэй улс буюу 1.4 тэрбум хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Тус улсын эдийн засгийн өсөлт саарч, залуучуудынх ажилгүйдлийн түвшин нэмэгдэн, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эмх замбараагүй байдал нүүрлээд байна.
Өнгөрөгч Лхагва гарагт БНХАУ-ын хууль тогтоогчид өрөнд баригдсан үл хөдлөхийн салбарын магнат, “Эвергранд” компанийн ТУЗ-ийн даргыг цагдан хорьж, компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээрээс түдгэлзүүлсэн буюу борлуулалтыг нь зогсоожээ.
Дээрх асуудлууд нь Бээжингийн засаг захиргааны толгойны өвчин болж байгаа ч энэ нь дэлхий нийтэд ямар үр дагавартай болохыг шинжээчид тайлбарлажээ.
Шинжээчид Хятад улсын өнөөгийн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлаас үүдэн дэлхийн эдийн засаг удахгүй сүйрлийн ирмэгт хүрнэ гэх санаа зовнилыг бодит бус, дэгсдүүлсэн тайлбар гэж үзэж байгаа юм. Гэсэн ч үндэстэн дамнасан корпорац, компаниуд, тэдгээрийн ажилтнууд, тэр байтугай Хятад улстай шууд харилцаа холбоогүй бизнес эрхлэгчид хүртэл зарим сөрөг нөлөөллийг мэдрэх магадлалтай гэдгийг хэлжээ. Эцсийн дүндээ таны хэн байхаас үл хамаарч нөлөөллийн хэмжээ их, бага байна гэж тэд дүгнэсэн байна.
БНХАУ-ын эдийн засгийн асуудлуудыг хамгийн энгийнээр тайлбарлавал, орлогогүй болсон иргэд нь үдийн цайгаа гэртээ уух эсвэл өөрөө бэлддэг болвол үйлчилгээний байгууллагын орлого зогсоно. Энэ нь байгууллагуудын бүтээгдэхүүний татан авалтыг гацаанд оруулна. Хэдийгээр энэ нь бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж, үнэ хямдрах боломжийг бий болгох ч бүхнийг үйлдвэрлэдэг улс орны хувьд эрэлт зогсох аюул нь бодит асуудал болж байна гэж шинжээчид үзэж байна.
Нэгнээсээ харилцан хамааралтай эдийн засгийн гинжин хэлхээс нь хилийн чанад дахь үйлдвэрлэгчдэд хүртэл нөлөөлөх юм. Хятад улсын мөнгөтэй, орлоготой иргэд сүүлийн жилүүдэд өрнөдийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд их хэмжээний хөрөнгө мөнгө зарах болсныг албаны тоо баримт хэдийн нотолсон. Гэвч Хятад улсын дотоодын эрэлт зогсох нь дам дамандаа санхүүгийн тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 орчим хувийг дангаараа хангаж байгаа БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын эмх замбараагүй байдал, эдийн засгийн өсөлтийн эрч саарч байгаа явдал нь тус улсын хилээс гадна хүртэл үр дагавартай байх нь тодорхой болсон байна.
Тэгвэл бүх асуудал Хятад улсын үл хөдлөхийн салбараас эхтэй байсан гэж шинжээчид дүгнэж байна. Ялангуяа цар тахлын он жилүүдэд үл хөдлөхийн салбарын олон зуун аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бараг л зогссон, дараагаар нь орон сууцнууд барьж, байгуулан ашиглалтад арай чамай оруултал худалдан авагчгүй болсон байна. БНХАУ-ын хууль тогтоогчид Дэд бүтцийн шинэчлэлийг улсынхаа Хойд бүс нутагт ихээр хийж, залуусыг шилжин суурьшихыг уриалсан ч тэдний тааллаар бүх зүйл болоогүй байна. Залуус илүү орчин үеийн, мөн цаг уурын хувьд ч илүү таатай Хятадын өмнөд бүс нутгийг олноороо зорих болсон нь тусдаа нэг асуудал болсон байна.
Тэгвэл цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна. Энэ нь бизнесийн салбар дахь улс төрийн нөлөөллийг бууруулах, тус улсын зах зээлийг орхин гарсан гадны хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах, шинэ төрөлтийг нэмэгдүүлэх, үл хөдлөхийн салбарын эмх замбараагүй байдлыг тогтворжуулах зэрэг асуудлуудтай шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.