Их говийн Ноён хутагт Данзанравжаагийн Мэлмий гийсний 220 жилийн ой энэ онд тохиож байгаа. Засгийн газраас уг ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж, тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулж эхэлжээ. Тэдгээрийн нэг болох “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн өнөөдөр Чингис хаан музейд дэлгэгджээ. Үзэсгэлэнд ноён хутагт Данзанравжаагийн 130-аад эд өлгийн зүйлсийг дэлгэсэн байна.
Дулдуйтын Данзанравжаа нь 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт мэндэлж, 9 настайдаа Говийн догшин Ноён хутагтын V дугаар дүрд өргөмжлөгджээ. 54 наслахдаа шашны төдийгүй, урлаг соёлын томоохон бүтээлүүдийг гаргаснаар Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан нэрт соён гэгээрүүлэгч байжээ.
“Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг Говийн ноён хутагтын музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд тус музейн үзмэрүүдийн 30 хувь нь дэлгэгдсэн байна. Тухайлбал, ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, таалал төгссөн 108 хуврагийн гавлын ясаар бүтээсэн Есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрхи, мөнгөн дотортой гавал аяга зэрэг хосгүй үнэт 130-аад үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдсэн байна.
Говийн ноён хутагтын музей нь Монголын хамгийн олон хосгүй үнэт үзмэртэй музей бөгөөд үзмэрүүдийг орчин үеийн технологи ашиглан үзэх боломжийг тус үзэсгэлэнгээр дамжуулан олгож байна.
Ноён хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэсэн үзэсгэлэн өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод 2 удаа зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа Говийн 9-дүгээр Ноён хутагт хүрэлцэн иржээ.
Үзэсгэлэнгийн үеэр 16 хүртэлх насныханд зориулан Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Дөрвөн улирал” шүлгийг судлан шинжилж уран зураг зурах боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд 11-р сарын 5 хүртэл үргэлжилнэ.