Сүүлийн саруудад бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдсан тохиолдол ихээр бүртгэгдэх болсон. Тэгвэл энэ нь манай улсад хүүхэд амьдрах таатай орчин бүрдэхгүй байгаа, төрөөс хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна гэж иргэд хэлж байна.Тэр дундаа хүүхэд хамгааллын төрийн байгууллага нь хүний нөөцийн дутагдалтай байгаа нь асуудлыг улам даамжруулж байна.
Он гарсаар хойд эцэгтээ зодуулж хүндээр бэртсэн, гурван хүүхэд гэртээ угаартаж нас барсан, сураггүй алга болсон хүүхдийн цогцос олдсон зэрэг нийгмийг цочирдуулсан хэргүүд олон гарсан. Дорнод аймагт сураггүй алга болсон 7 настай хүүг гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон байна. Хүүгийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор хойд аавыг нь сэжигтнээр саатуулаад байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Дорнод аймгийн хэмжээнд хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан 4-5 мэргэжилтэн байдаг ч иргэн бүрд хүрч ажиллах хүрэлцээ хангалтгүй байгааг албаныхан хэлж байна.
Бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдаж байгаа нь төрөөс хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын ажил дутагдалтай байгаа мөн эцэг эхчүүдийн хараа хяналт хариуцлагатай байдал чухал гэдгийг иргэд хэлж байна.
2016 оноос эхлэн хүүхэд хамгааллын байгууллагуудаас бүрдсэн хамтарсан баг хүүхдийн эсрэг хүчирхийллийг шалтгааныг олж тогтоон эрсдэлийн үнэлгээ хийж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. Хүүхэд хамгаалал болоод гэр бүлийн хүчирхийлэлийг асуудалыг дан ганц хамтарсан багийн ажилтанууд хийж гүйцэтгэхэд хүний нөөцийн хүрэлцээ дутмаг байна. Иймд иргэн болоод бүхий л хүүхдийн эрхийн байгууллагуудын хоорондын харилцаа уялдаа холбоо шаардлагатай байна.
Мөн иргэд хэлэхдээ хүүхэд хамгаалал, гэр бүл төлөвлөлтийн талаарх сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлыг дийлэнх иргэд мэддэгүй. Зорилтот бүлэгт чиглэсэн ажил учир дутагдалтай байгааг шүүмжилж байсан юм. Мөн нөгөө талаас эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.