Өнгөрөгч ням гарагт АНУ-ын Конгрессын болон Сенатын танхимын гишүүд богино хугацааны санхүүжилтийн хэлэлцээр байгуулах зөвшилцөлд хүрснээр Засгийн газрын үйл ажиллагаа зогсох аюулаас зайлсхийж чаджээ. Хоёр танхимын гишүүд төсвийн санхүүжилтийг ирэх 11-р сарын 17-ны өдрийг хүртэл олгох тухай хуулийн төсөлд дэмжлэг үзүүлсний дараа шинэ санхүүгийн жил эхлэхээс ердөө хэдхэн хормын өмнө Жо Байден хуулийн төсөлд гарын үсэг зурж, албажуулжээ.
Гэхдээ Ардчилсан намын хууль тогтоогчдын шаардаж байсан Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг уг төсвийн тухай хуульд багтаасангүй. Харин АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти өөрийн намын буюу Бүгд найрамдах намын консерватив хатуу үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан ч төсвийн тухай хуулийг баталжээ.
Жо Байдены засаг захиргаа төлөөлөгчдийн танхимын гишүүд нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй бол төрийн байгууллагын хэдэн арван мянган ажилтныг цалингүйгээр чөлөөлж, төрийн дийлэнх үйлчилгээг өчигдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр төлөвлөж байжээ.
Гэвч төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти өнгөрөгч бямба гаргийн оройн гэнэтийн шийдвэрт хүрч, Засгийн газарт богино хугацааны санхүүжилт олгох төсвийн тухай хуулийг батлах санал хураалтыг явуулжээ. Бүгд Найрамдахчууд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээ болон байгалийн гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа төсвийн хэмжээг танах голлох шаардлагуудыг тавьж байсан юм.
Засгийн газрын санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг батлах санал хураалтад оролцсон Конгрессын танхимын төлөөлөгчдийн 90 нь эсрэг санал өгсөн бол үлдсэн 440 гаруй нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Ингэснээр Жо Байдены Засгийн газрын санхүүжилт ирэх сарын 17-ны өдрийг хүртэл баталгаажлаа.
Санал хураалтын дараа Конгрессын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Кевин Маккарти эцсийн мөчид хийсэн тохиролцоо нь түүний явахыг хүссэн зам биш гэдгийг хүлээн зөвшөөрч, "Хамгийн консерватив арга хэмжээ авахыг хичээсэн" гэхдээ “Цөөнхийн хүслийг олонх гүйцэлдүүлсэнгүй” хэмээн хэлжээ.