ОХУ-ын цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ачаалал багатай илүү өндөр цалинтай ажилд горилох болжээ. Тэр дундаа туршлагатай офицерууд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тус улс цагдаагийн алба хаагчийн хямралд өртөөд байгааг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.
ОХУ-ын өргөн уудам газар нутагт хэрэг мөрдөж, үүрэг гүйцэтгэх нь хамгийн стресстэй ажилд тооцогддог талаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн офицерууд хэвлэлд ярьсан байна. Мөн тэд төрийн албан хаагчид дундаа хамгийн бага цалин хөлсийг авдаг ч хамгийн их ажлын ачааллыг үүрдэг тул албаа орхих нь энгийн үзэгдэл болжээ.
Түүнчлэн чөлөөлөгдсөн цагдаа нарын дийлэнх нь таксины жолооч, хүргэлтийн ажилтан болсон бөгөөд өмнө нь авч байсан цалин хөлснөөсөө хоёр дахин их орлогыг нэг сарын хугацаанд олж байгаа гэдгээ ярьжээ.
ОХУ-д хошууч цолтой цагдаагийн алба хаагч супермаркетын борлуулагчаас бага цалин хөлс авдаг бөгөөд Их Британи, АНУ зэрэг Өрнөдийн улсуудын алба хаагчидтай бүр харьцуулах боломжгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тоо цөөрөх тусам үлдсэн хүмүүст нь ирэх ажлын дарамт ачаалал мөн хэрээс хэтэрч байгаа гэж эх сурвалжууд ярьсан байна. Мөн залуу офицеруудыг албан хүчээр Украины дайнд илгээж байгаа явдал нь офицеруудыг ажлаа орхин зугтахад хүргэж байгаа гэжээ.
Амьжиргааны өртгийн хямрал, дайн өдүүлсний улмаас авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь ОХУ-ын орлого багатай өрхүүдэд хүндээр тусаж байгаа тухай хэвлэлүүд мөн мэдээлжээ. Энэ нь хүмүүсийг илүү өндөр цалин, орлоготой ажлын байр луу тэмүүлэх нэг шалтгаан болжээ.