Өчигдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын төлөөллүүд болон түүний журмын нөхөд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр бусдын гарт амиа алдаж 25 жил болсон хэдий ч өнөөдрийг хүртэл хэргийн үнэн зөв тайлагдаагүй байгаад хамтран ажиллаж байсан түүний нөхөд нь харамсаж байгаагаа илэрхийллээ.
Санжаасүрэнгийн Зориг нь 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг сэжиглэн яллагдагчаар татаж байсан ч Нийслэлийн прокурорын газраас тухайн тогтоолыг хүчингүй болгосон талаар мэдээлж байсан. Жил бүрийн 10-р сарын 2-ны өдөр түүний аллагын тухай яригддаг ч хэргийн захиалагч гүйцэтгэгч нарыг олж тогтоож чадахгүй байгаад түүний намын гишүүд болон хамтран ажиллаж байсан нөхөд нь харамсаж байгаагаа илэрхийлж байна.
Хууль хүчний байгууллагууд энэ хэргийг одоо болтол тогтоогоогүй байгаа нь тодорхой хэмжээний сануулга өгч байгаа хэрэг хэмээн Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт хэлж байсан юм. Иймээс цаашид энэ мэт хууль бус хэрэг гарахын эсрэг, үйл ажиллагаагаа явуулсаар байна гэдгээ тэрбээр онцолж байсан юм.