Нийслэл хотод нийтийн байрны түрээсийн үнэ байршлаасаа хамаараад дунджаар 270-700 мянга орчим төгрөгийн ханштай байна. Тэгвэл Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 43 нийтийн байр үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэд оршин суугчдын зүгээс байрны дотоод ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ хангалтгүй, гаднах талбайн тохижилтыг сайжруулах шаардлагатай талаар хэлж байсан юм. Нийтийн байрны үйл ажиллагаа болоод ариун цэвэр стандарт болон элдэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улиралд нэг удаа хороон дарга болон цагдаа нар хамтран хийдэг байна
Нийтийн байрны нэг өрөө дунджаар 15-20 мкв талбайтай байдаг бөгөөд багадаа хоёроос дээш иргэн амьдардаг байна. Түрээслэгчдийн зүгээс аль болох бага насны хүүхэдтэй хүн авахгүй байхыг хичээдэг ч иргэдийн боломжийг харгалзан үздэг. Учир нь дийлэнх нийтийн байранд хүүхэд амьдрах орчин нөхцөл ариун цэврийн стандарт хангагдаагүй байгаа юм. Мөн оршин суугчдад зориулж дотоод журмыг гаргадаг. Энэхүү журамд айлууд ээлжээр угаалга цэвэрлэгээг хийнэ гэж заажээ. Ингэснээр хамгийн ихээр асуудал дагуулдаг нийтийн ариун цэврийн байгууламжийг цэвэр ашиглах боломж бүрдсэн гэдгийг түрээслэгчдийн төлөөлөл хэлж байна
Тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байранд хорооны хэсгийн ахлагч, цагдаа нарын хамтарсан баг улиралд нэг удаа урьдчилан сэргийлсэн хяналт шалгалтыг хийдэг байна. Учир нь өнгөрсөн удаагийн шалгалтуудаар оршин суугч иргэд архидан согтуурсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг олон асуудлууд үүсэж байжээ.
Мөн нийтийн байрны хогийн цэг нь нэгдсэн стандартгүй зарим тохиолдолд хогийн савнаасаа хальсан байдаг учир орчны бохирдол ихээр үүсгэдэг байна. Энэ тохиолдолд хөрш айлуудын зүгээс гомдол мэдээллийг тухайн хорооны удирдлагуудад ирүүлдэг юм байна. Оршин суугч иргэдийн зүгээс цаашид ариутгал цэвэрлэгээг ойрхон давтамжтай хийх, ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байсан юм.