Цар тахлын дараа өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй дунд насны иргэд артерийн даралт бууруулах эмийг хөнгөлөлттэйгөөр авах нь ихэсжээ. Энэ нь зүрх судасны өвчлөл залуучууд дунд нэмэгдсэнийг харуулж байна гэдгийг эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байна.
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны тогтоолоор тун болон нэршлийн хувьд ялгаатай 651 эмийг иргэд хөнгөлөлттэй үнээр авч болох юм.
- Өрхийн эмнэлэгт хандаж үнийн хөнгөлөлттэй эм бичүүлж буй иргэдийн дийлэнх нь зүрх судасны эмгэгийн эсрэг эм, сахрын эм, цус шингэлэх эмийг авдаг байна.
- Гэтэл иргэдийн гол төлөв бичүүлж авдаг сахрын эм, хавсарсан үйлдэлтэй эмийн олдоц муу байдаг юм байна.
- Мөн улсын хэмжээнд 700 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа ч хөдөө орон нутгийн зарим сумдад хөнгөлөлттэй эмийн нөөц хангалттай байдаггүйг иргэд хэлж байна.
Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Гэтэл иргэдийн дунд зонхилон тохиолддог өвчний эсрэг эмийн олдоц муу байна. Үүнээс шалтгаалж өрхийн эмнэлэгт хандаж буй иргэд эмийн тунг солиулах хүсэлтийг байнга тавьдаг байна.
Мөн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн оргил үеэр вирусийн эсрэг эмийн олдоц хомсдолд ордог байна. Үүнээс гадна хөдөө орон нутагт эмийн хангалтыг сайжруулах хэрэгтэйг иргэд хэлж байсан юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй хөнгөлөлттэй эмийг хэрэглэж байгаа 4 хүн тутмын 3 нь 50 болон түүнээс дээш насныхан байдаг. Эдгээр хүмүүс нь артерийн даралт ихсэх болон зүрх судасны бусад эмгэг, цусан дахь сахрын хэмжээг багасгах өвчлөлийн эсрэг эмийг түлхүү авдаг байна. Мөн түүнчлэн сүүлийн үед энэ төрлийн эмийг авах нь залуучуудын дунд түгээмэл болжээ. Харин 0-18 насныхны дунд антибиотик болон уналт таталтын эмийн эрэлт их байна.
Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгож байна.