Өнгөрсөн долоо хоногт АНУ болон БНХАУ-ын Ази тивийн асуудал хариуцсан дипломат төлөөлөгчид Вашингтон хотноо уулзсан байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон БНХАУ-ын Ази тивийн асуудал хариуцсан дипломат төлөөлөгчид Вашингтон хотноо уулзсан байна. Тэд Жо Байден, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын асуудлаар хийсэн яриа хэлэлцээний хүрээнд уулзсан болов уу гэж шинжээчид таамаглаж байна.

Хятад улсын Гадаад Хэргийн яамны Ази тивийн асуудал хариуцсан дипломат төлөөлөгч Сун Вэйдун өнгөрөгч долоо хоногт нэгдсэн улсын Төрийн Нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн туслах Даниелтэй уулзсан бөгөөд дипломат төлөөлөгчдийн яриа хэлэлцээ илэн далангүй, гүн утгатай, бүтээлч болж өнгөрснийг талууд илэрхийлжээ. Хоёр дипломатч Тайванийн хойг, Номхон далай зэрэг бүс нутгийн асуудлаар санал солилцож, харилцаа холбооны сувгийг нээлттэй байлгах нь чухал гэдэгт санал нэгдсэнийг АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан албан ёсны тайлбарт дурджээ.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин “Энэхүү уулзалтаар Бээжингийн гадаад бодлогын хэтийн төлөв болон Энэтхэг-Номхон далай, өмнөд Хятадын тэнгист авч хэрэгжүүлж байгаа стратеги төлөвлөгөөг Вашингтоны дипломат албаны төлөөлөгчид хангалттай ойлгуулсан. Мөн хоёр улс Ази Номхон далайн бүс нутгийн асуудлаар нааштай харилцаа тогтоож байгаа нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн орнуудын хамтын хүсэл эрмэлзэл юм" хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн сард БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд, тэргүүлэх дипломатч Ван И Мальта улсад хүрэлцэн очиж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай яриа хэлэлцээ өрнүүлсэн бол БНХАУ-ын Дэд дарга Хан Жэн Нью-Йорк хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй биечлэн уулзаж цаг үеийн тулгамдсан асуудлаар хэлэлцсэн юм. Түүнчлэн Нэгдсэн Улсын Сангийн сайд Жанет Йеллен, Худалдааны сайд Жина Раймондо, цаг уурын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жон Керри зэрэг Цагаан Ордны өндөр дээд албан тушаалтнууд сүүлийн саруудад хятад улсад тус тус айлчилсан.

Ийнхүү өрсөлдөгч 2 гүрний Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын уулзалтууд ээлж дараалан болж байгаа нь Ши Жиньпин, Жо Байден нарын уулзалтын замыг засаж байж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Ирэх 11-р сард АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулагдах Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хоёр гүрний удирдагч нар биечлэн уулзах төлөвтэй байна.