Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр газрын тосны үнэ цаашид өссөөр байх болно гэдгийг “ОПЕК” буюу газрын тос олборлогч орнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ. “ОПЕК” нь газрын тос экспортлогч 23 орны нэгдэл бөгөөд дэлхийн зах зээлд хэдий хэмжээний түүхий газрын тос борлуулахыг энэ байгууллага шийддэг байна.
Өнгөрсөн даваа гарагт “ОПЕК” буюу газрын тос олборлогч орнуудын байгууллагын Ерөнхий Нарийн бичгийн дарга Хайтам Аль Гайс дэлхий нийтийн эрэлт хэрэгцээ өдөрт 2.4 сая торхоор нэмэгдэж байгааг онцолжээ. Тэрээр Саудын арабын эрх баригчид бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая торхоор бууруулсныг мэдэгдсэн байна.
Тэгвэл Олон Улсын Эрчим хүчний агентлагийн шинжээчид газрын тос олборлогч хоёр томоохон улс орон болох Саудын Араб, ОХУ-ын эрчим хүчний компаниуд олборлолтоо бууруулах шийдвэр гаргасны нөлөөллөөр энэ оны эцэс гэхэд дэлхийн нийтэд нийлүүлэлтийн хомсдол үүсэж болзошгүйг мэдэгджээ.
Харин “ОПЕК”-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга “Эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг мэдэрч Саудын Араб, ОХУ гэсэн хоёр тусгаар тогтносон улсын хууль тогтоогчид болон аж ахуйн нэгжүүд олборлолтоо дахин танаж эхэллээ. Энэ нь эрчим хүчний үнийг өсгөх, газрын тосны зах зээлийн уналт, тодорхойгүй нөхцөл байдлыг сайжруулах зорилготой” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн оны 2-р сард ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлсний дараа газрын тосны үнэ огцом өсөж, 6-р сар гэхэд нэг торх газрын тосны үнэ 120 америк.долларт хүрсэн юм. Харин 2023 оны эхний хагаст БНХАУ-ын эрэлт суларсан, Европын Холбооны бодлого тодорхойлогчид цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих хуулийн төслийг баталсны дараа газрын тосны үнэ 70 америк.долларт хүрч буураад байсан юм. Харин газрын тос олборлогчид зах зээлээ хамгаалах, эрчим хүчний бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд 2023 онд олборлолтоо хэдэнтээ танах шийдвэр гаргасны дараа ийнхүү үнэ тогтвортой өсөж байна. ОУ-ын Хөрөнгийн биржүүдийн даваа гаргийн арилжаа хаагдах үед нэг торх брент төрлийн газрын тосны үнэ 94 америк.долларт хүрсэн байна. Үнэ өсөхтэй холбоотой болгоомжлол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь дэлхий дахин инфляцын өсөлтийн давалгаанд цохиулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн хүйтний улирал эхэлж байгаа нь эрчим хүчний эрэлтийг онолыг хувьд сулруулахгүй гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр нүүрс, байгалийн хийн эрэлт даган нэмэгдэхийг мөн онцолжээ.