Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгажээ

Сангийн яамнаас 2024 оны улсын төсвийн төслийг танилцууллаа. Ирэх жилийн төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөөлж байгаа учир зарлагыг ч мөн тэлж төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар тусгажээ. Мөн ирэх жил УИХ-ын ээлжит сонгууль болох тул төсвийг огцом тэлэлгүйгээр нийгмийн халамж болон цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр болжээ.

  • 2024 оны улсын төсөвт 25.3 их наяд төгрөгийн орлого, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцоолж, алдагдлыг 2.1 их наядаар байхаар төсөөлж байгаа юм байна. Эргэн сануулахад 2023 оны улсын төсвийн алгадлыг 1.4 их наяд төгрөг байхаар баталж байсан.
  • Ирэх оны улсын төсвийн төсөлд нийт 3.2 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын 1050 төсөлд зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд  "эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв"-ийн барилгын ажил хамгийн өндөр өртгөөр хийгдэхээр байна. Тус төвийн барилгын ажлыг  нийт 140 орчим тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр гурван жилийн  хугацаанд гүйцэтгэхээр төсөвт тусгажээ.
  • Энэ оны төсвийн тодотголоор 50 сая тонн нүүрс экспортлохоор баталсан. Өнөөдрийн байдлаар 47 орчим сая тонн нүүрсийг хилээр гаргаад байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэж зорилтоо давж биелүүлнэ гэдгийг салбарынхан хэлж байна. Мөн боомт болон тээврийн асуудлын харьцангуй зөв шийдсэн учир дараа жилийн төсвийн төсөлд нийт 60 сая тонн нүүрс экспортолно гэж тусгажээ.
  • Мөн 2024 онд сонгуулийн жил тохиож байгаа тул УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд нийт 72 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байна.

Энэ жилийн төсвийн орлого тодотгосны дараа ч давсан биелэлттэй байна. Мөн макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаагаас гадна гадаад зээлийн өрийн эрсдэлийг арилгаж 2024 онд энэхүү эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж цаашид 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.000 америк.долларт хүргэх томоохон зорилтыг Сангийн яамнаас тавиад байна. Мөн ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн дийлэнх нь зам, тээврийн салбарт олгогдохоор байна.

Жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар хуульд тусгасан байдаг. Тэгвэл 2024 онд инфляцын түвшин 8 хувиас доошгүй байхаар төсөөлж байгаа учир ирэх оны төсвийн төсөлд иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Тодруулбал, цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны 4 сарын 1-ээс нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Энэ жил Монгол улсаас БНХАУ-д төрийн дээд түвшний айлчлалыг хэд хэдэн удаа хийсэн. Томоохон айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа бодлого төлөвлөлтийг нарийн шийдсэн байна. Тухайлбал, боомтын төмөр замын холболтын асуудлыг эцэслэн шийдэж чадсан. Мөн Ханги боомт руу төмөр замын томоохон хөрөнгө оруулалтыг татжээ. Тиймээс нүүрсний экспортоос орж ирэх орлогыг өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна.

Мөн ирэх оноос эхлэн улсын төсвийн төсөлд нийт иргэдээс санал хүсэлтийг цахимаар авдаг байхаар зохицуулалтыг хийхээр судалж байгаа юм байна.