Өнгөрөгч мягмар гарагт дэлхийн физикийн салбарын 2023 оны Нобелийн шагналтнууд тодорчээ. Нобелийн шагналтнууд импульсийг амжилттай ашиглаж чадсанаар электронуудын шилжилт хөдөлгөөнийг судалсан байна.
АНУ-ын Охайогийн их сургуулийн судлаач Пьер Агостини, Германы Макс Планкийн нэрэмжит Квант Оптикийн хүрээлэнгийн судлаач Ференс Крауз, Шведийн Лунд их сургуулийн судлаач Анн Люилье нар 2023 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ.
Эдгээр 3 эрдэмтэн судлаач атом, молекулын доторх электронуудын шилжилтийг аттосекунд буюу секундийг 10-18 хуваасантай тэнцэх асар богино хугацаанд судлах хэрэгсэл бүтээсэн байна. Маш богино хугацаанд өрнөдөг үйл явдлыг гэрэл зураг эсвэл дүрсэн хэлбэрт буулгахад шаардагдах камерын гэрэл цацагчийг бүтээсэн тул эрдэмтэд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Нобелийн шагналт судлаачдын бүтээсэн хэрэгслийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа дүрс оношилгоо, лазер эмчилгээнд түлхүү ашиглах боломжтой бөгөөд өвчний оношийг нарийвчлан тодруулж, шинжилгээний үр дүн илүү сайжирснаар өвчнийг богино хугацаанд илрүүлж, эрт үед нь эмчлэхэд тус дэм болно гэж Шведийн хааны шинжлэх ухааны академиас мэдээлжээ.
Нобелийн шагнал гардуулах хороо эрдэмтдийн хийсэн нээлтийг хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлах гэж багагүй асуудалтай тулгарсан гэдгээ онцолсон байна. Зүрхний цохилтоос богино хугацаанд гэрлийн импульс гаргана гэдэг нь одоогоос 20 жилийн өмнө бол сэрүүн зүүд шиг л сонсогдож байсан бол одоо ийнхүү биеллээ олсонд талархаж байгаагаа тэд илэрхийлжээ.
Гурван эрдэмтэн шагналын мөнгө болох 11 сая Швед крон буюу 1 сая орчим америк.долларыг хувааж хүртэх юм байна.