Тайланд улсад 14 настай хүү Бангкок хот дахь худалдааны төвд гал нээж, 3 хүний аминд хүрчээ

Тайландын нийслэл Бангкок хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн худалдааны төвд зэвсэгт халдлага гарч, 3 хүн амиа алдан, 5 хүн шархаджээ. Халдлага гарсны дараа цагдаа нар 14 настай хүүг сэжигтнээр татан баривчилсан байна.

Зэвсэгт халдлагад өртөгсөд нь БНХАУ, Мьянмар улсын иргэд байсан бөгөөд хоёр хохирогч нь жуулчин байсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлжээ. Халдлага өнгөрөгч мягмар гарагт орон нутгийн цагаар 17 цаг 10 минутад гарчээ. Сэжигтэн гал нээснийхээ дараа эсэргүүцэл үзүүлэлгүйгээр цагдаа нарт бууж өгсөн байна.

Сэжигтэн худалдааны төвийн ойролцоох сургуулийн сурагч төдийгүй Бангкок хотын эмнэлэгт сэтгэцийн эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлж байсан нэгэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ түүнийг саяхнаас эмчийн хяналтаас гарч, тайвшрах эм хэрэглэхээ больсныг мөн дотоодын хэвлэлүүд уламжилсан байна.

Одоо хуулийн байгууллагаас сэжигтнийг хэрхэн галт зэвсэг эзэмшсэн болон халдлага үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Шархадсан хүмүүсийн биеийн байдал тааруу байгаа тухай Бангкок хотын захирагч мэдэгджээ.

Уг халдлага Бангкок хотын “Сиам Парагон” хэмээх хамгийн алдартай худалдааны төвд гарсан нь жуулчдын урсгалыг тасалж болзошгүй гэж Тайландын хууль тогтоогчид болгоомжилж байгаа тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.