2024 онд нүүрсний экспортын хэмжээг 60 сая тоннд хүргэхээр төсвийн төсөлд тусгажээ

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тоннд хүргэнэ гэж 2024 оны төсвийн төсөлд тусгажээ. Энэ тоо өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа боловч тээвэрлэлтийн асуудал, хил боомтоос шалтгаалсан хүлээгдлийг багасгаж байгаатай холбоотойгоор нүүрсний экспортын  хэмжээ болон төсөвт орох мөнгөн хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ гэж харж байгаа юм байна.

  • 2023 онд нүүрсний экспортын хэмжээг 50 сая тоннд хүргэхээр төсөвт тусгасан байдаг. Ингэхдээ тонн тутмыг 140 ам.доллароор борлуулахаар тооцоолсон юм.
  • Тэгвэл энэ оны эхний 9 сарын байдлаар 47 сая тонн орчим нүүрс экспортлоод байна. Оны эцсийн дүнгээр дээрх тоо 55 сая тоннд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолоод байна. 
  • Нүүрсний экспортын биелэлт сайн байгаа нь нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр худалдаалсан нь нөлөөлсөн гэж холбогдох албаныхан хэлж байна. Экспортоор гаргаад байгаа нийт нүүрсний 30 орчим хувийг цахимаар худалдаалжээ.
  • Тэгвэл ирэх 2024 оны улсын төсвийн төсөлд 60 сая тонн нүүрсийг энэ оныхтой ижил үнээр буюу тонн тутмыг 140 ам.доллароор экспортлохоор тусгажээ. Ингэхдээ цахимаар нүүрсний нийт экспортын 30-аас дээш хувийг гаргана гэж тооцоолж байгаа юм байна.

Энэ жил Монгол улсаас БНХАУ-д төрийн дээд түвшний айлчлалыг хэд хэдэн удаа хийсэн. Томоохон айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа бодлого төлөвлөлтийг тодорхой түвшинд шийдсэн байна. Тухайлбал, боомтын төмөр замын холболтын асуудлыг эцэслэн шийдэж чадсан. Мөн Ханги боомт руу төмөр замын томоохон хөрөнгө оруулалтыг татжээ. Тиймээс ирэх онд нүүрсний экспортоос орж ирэх орлогыг өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна. Үүнээс гадна Хятадын зах зээл харьцангуй тогтвортой байхаар байна.

Энэ жилийн хувьд уул уурхайн өсөлт эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн. Харин Хөдөө аж ахуйн салбар уналттай байна. Тиймээс газар тариалан, мал аж ахуйн салбарт ирэх онд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм байна. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөлд малын вакцинтай холбоотой зардлыг нэмэгдүүлжээ.

2023 онд далд эдийн засгийг ил болох томоохон алхмуудыг хийсэн гэж албаныхан үзэж байна. Тухайлбал, нүүрстэй холбоотой зарим нууц гэрээ болон оффтэйк гэрээг ил болгосон, арилжааг олон нийтэд нээлттэйгээр цахимаар зохион байгуулж байгаа зэрэг зохицуулалтыг хийн ажилласан. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого сайн байсан учир төрийн албан хаагчдын цалингийн суурь хэмжээг нэмсэн, тэтгэврийн зөрүүг арилгасан зэрэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авч ажиллажээ. Одоогоор төсвийн орлого 1.9 их наядаар давсан биелэлттэй байна.