Зам тээврийн ослууд гарсан байршил буюу СХД-ийн Тахилт орчимд 4000 гаруй сурагч суралцдаг нийслэлийн 122-р дунд сургууль байрладаг байна. Сурагчид хичээлдээ явахын тулд заавал тухайн авто замыг хөндлөн гарах шаардлага тулгардаг байна. Иймд ядаж хичээл эхлэх, тарах цагаар хурдаа сааруулж, бяцхан явган зорчигчдоо хүндлэхийг тус сургуулийн сурагчид жолооч нараас хичээнгүйлэн хүсжээ.
Ангийн найз нь хичээлдээ ирж байхдаа золгүй байдлаар амиа алдсан нь сурагчдад сэтгэлзүйн хүнд цохилт өгсөн байна. Ийм хэрэг явдал болсонд хүүхдүүд одоо болтол итгэхгүй харамсаж байгаа гэдгээ хэлж байна.
Хичээлийн цаг эхлэх болон тарах үеэр дунджаар 2000 орчим хүүхэд сургуулийн бүсэд зорчдог гэх албан бус тооцоо байна. Иймд сурагчид жолооч нарт хандан зөвхөн энэ хугацаанд хурд хэтрүүлэхгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослоор нийт 37 хүүхэд амиа алдсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд хамгааллын байгууллагууд нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг ч иргэдийн ухамсарт шууд нөлөөлж чадахгүй байгаа юм.
Осол гарахын өмнө сургууль орчмын замд нэг ээлжид 9 эцэг эхийг замын хэв журам сахиулахаар жижүүрлэн гаргадаг байжээ. Цаашид энэ мэт харамсалтай хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн удирдлагын зүгээс жижүүрийн тоог 3-аар нэмэгдүүлж сурагчдад сэрэмжлүүлэг сануулгыг өгч ажиллаж байгаа юм.