СХД-ийн Тахилтын замд дахин зам тээврийн осол гарчээ

СХД-ийн Тахилтын замд 9-р сарын 21-ний өдөр гарцаар зам хөндлөн гарч явсан 10 гаруй насны хоёр хүүхдийг хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч мөргөж 12 настай охины амь насыг хохироосон. Тэгвэл яг тэрхүү байршилд дахин бага насны хүүхдийг ээжийнх нь хамт хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч мөргөж гэмтээсэн байна. Тухайн бүсэд оршин суугч иргэдийн зүгээс явган хүний гарцаар гарахаас ч айдаг болсон гэдгээ хэлээд зогсохгүй тэр байршилд хурд сааруулагч нэмж хийх шаардлагатай байгааг мөн хэлж байна.

Явган хүний гарцаар явсан ч зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байгаа тул иргэд зам хөндлөн гарахаас айдаг болжээ. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам дээр байрлах хурд сааруулагчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Дахин зам тээврийн осол болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тахилтын эцсийн буудлаас сургууль хүртэлх замд нэмэлтээр хурд сааруулагч байршуулах хэрэгтэй байгаа юм. Харин тухайн байршил нь сургуулийн бүс биш учраас дахин зам дээр хурд сааруулагч байршуулах боломжгүй гэдгийг мэргэжилтэн хэлж байна

Мөн иргэдийн тахилт орчмын замд гэрэлтүүлэг муу байдаг. Жолооч нар гэрлээ шилжүүлдэггүй үйлдэл нь осол гарах томоохон шалтгаануудын нэг болж байгааг шүүмжилж байсан юм.