Өнгөрөгч Лхагва гарагт химийн салбарын Нобелийн шагналтнуудын нэрсийг зарлажээ

Өнгөрөгч лхагва гарагт химийн салбарын Нобелийн шагналтнуудын нэрсийг зарлажээ. Тэгвэл 2023 оны химийн салбарын Нобелийн шагналтнууд нь компьютерын болон телевизийн дэлгэцийг гэрэлтүүлж, эмч нарын хавдрын өвчний зураглал хийхдээ ашигладаг “Квантын цэг” буюу “Лед” дэлгэцийн өнгийг дүрсэлдэг технологийг зохион бүтээжээ.

Эрдэмтэн Мунги Бавенди, Луи Брюс, Алексей Екимов нар компьютерын дэлгэц, телевизийн дэлгэцийг гэрэлтүүлж, эмч нарын хавдрын зураглал хийхэд ашигладаг "Квантын цэгүүдийг нээн, нано бөөмсийг нийлэгжүүлснийхээ төлөө" 2023 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ. "Нобелийн шагналтнууд  шинж чанар нь квантын үзэгдлээр тодорхойлогддог нано хэмжээтэй бөөмсийг гаргаж чадсан. Квантын цэгүүд гэж нэрлэгддэг бөөмс нь эдүгээ орчин үеийн нано технологид асар их ач холбогдолтой болсон" гэж Нобелийн химийн хорооны мэдэгдэлд онцолжээ. Нано бөөмс болон квант цэгүүдийг led гэрлийн технологид болон хорт хавдрын эд, эсийг туяагаар шарах ажиллагаанд өргөнөөр ашигладаг байна.

АНУ-ын Колумбийн Их сургуулийн хүндэт профессор, өдгөө 80 настай Луи Брюс нь 1972 оноос хойш нано талстуудыг судлахад амьдралынхаа дийлэнх хугацааг зарцуулсан байна. Тэгвэл Франц гаралтай өдгөө 60 настай Мунги Бавенди Массачусетсийн технологийн их сургуульд ажиллах эхэлснээсээ хойш Луи Брюсийн судалгааны ажилд тусалсан байна. Харин өдгөө 78 настай Алексей Екимов нь зөвлөлт холбоот улсад төрсөн ч АНУ-д цагаачлан амьдарсан нэгэн байна. Тэрээр 1999 оноос хойш нанокристал технологийн компанид ажиллаж эхэлсэн бөгөөд 1980 онд Екимов нь квант цэгийг анх нээсэн эрдэмтэн гэж үздэг байна. Харин 2000-аад оны эхээр Мунги Бавенди, Луи Брюс нар квантын цэгийг шингэний талст болгон хувиргах технологийн арга барилыг нээсэн эрдэмтэд байна.  Шагнал хүртэх болсныг нь дуулгасны дараа Мунги Бавенди "Маш их гайхсан, нойрмоглож, цочирдсон, санаанд оромгүй мэдээ байлаа. Гэхдээ үнэндээ би ийм нээлт хийснээ мартчихсан байсан” хэмээн хошигножээ.

Зуу гаруй жилийн түүхтэй уг шагналыг Шведийн хааны шинжлэх ухааны академи олгодог бөгөөд 11 сая Шведийн крон буюу 1 сая америк.долларыг гурван эрдэмтэн хуваан хүртэх юм байна.