Монгол улсын үндсэн хуульд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд бидний ирээдүй хойч болсон хүүхдүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөх явдал нэмэгдэж байна. Учир нь хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж зам тээврийн осолд өртөх, бусдын гарт амиа алдах, бие махбодиороо хүчирхийлэлд өртөх зэрэг сэтгэл сэртхийлгэм хэргүүд олноор гарч байна. Үүнтэй холбоотойгоор дэлгэцэд сүүлийн 10 жилийн статистик мэдээллийг танилцуулж байна
- Зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн осолд 10 мянга гаруй хүүхэд өртсөн байгаа нь бүртгэгджээ
- Эдгээрээс 700 гаруй хүүхэд амь насаараа хохирсон байна. Энэ нь ерөнхий боловсролын бага сургуулийн бүх сурагчдын тоотой дүйцэхүйц байна.
- Мөн хүүхдийг бие махбодийн болон үл хайхрах хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийллүүд жилээс жилд нэмэгдэж байна
- Тухайлбал 2012-2016 онд буюу 4 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан бол 2017-2022 оны хооронд 1600 гаруй хүүхэд болж өсжээ. Өөрөөр хэлбэл нийт 2600 орчим хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болоод байна. Тиймээс уг хэрэгт авах хуулийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй байгаа юм.
Хүүхэд зам тээврийн осолд өртсөн дуудлага мэдээлэл 2019 онд 745, 2020 онд 543, 2021 онд 463, 2022 онд 779, 2023 оны эхний 9 сард 655 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тэгвэл эдгээрээс хүүхдийн амь хохирсон зам тээврийн осол 2019 онд 49, 2020 онд 64, 2021 онд 51, 2022 онд 76, 2023 оны эхний 9 сарын байдлаар 42 хүүхдийн амь нас хохирсон байна. Үүнийг 45 хүүхэдтэй нэг анги гэж үзвэл 6-7 ангийн хүүхдүүд амь хохирсон байгаа юм. Иймд жолоочид хариуцлагатай байж зам тээврийн осол гаргасан, хүүхдийн амь хохироосонд авах арга хэмжээг чангатгах зайлшгүй шаардлага бий болсон байна
Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээлэл жилээс жилд нэмэгдэж байгаа нь манай улсын хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийн хэмжээнд ирсэн байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Тэгвэл хүүхдийн эсрэг хүчирхийллийг үндсэн 4 ангиллаар авч үздэг байна. Тухайлбал бие махбодийн, үл хайхрах хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл гэж авч үздэг. Сүүлийн жилүүдэд хүүхэд гэмт хэрэгт өртөж бусдын гарт амь насаа алдах, ахуйн осолд өртөх, авто осолд өртөх зэргээр эрдэнэт амиа алдах хүүхдийн тоо буурахгүй байна. Тухайлбал:
2018 онд 88, 2019 онд 111, 2020 онд 99, 2021 онд 83, 2022 онд 92, 2023 оны эхний 9 сарын байдлаар 66 хүүхэд 5 жил хүрэхгүйн хугацаанд 539 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан байна.