Дорноговь аймагт гарсан 12 настай охины хэрэгтэй холбоотойгоор хүүхэд хамгааллын хууль, эрх зүйн орчныг чангатгах талаар албаныхан болон хуульчид байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн амь насыг бүрэлгэх, бэлгийн болон бусад хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэнд оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх мөн бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн бол өршөөлийн хуульд хамруулахгүй байх зэргээр хуулийн төслийг боловсруулж байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа.
Албан бус эх сурвалжаар Дорноговь аймагт гарсан 12 настай охины хэрэгт холбогдогч “Г” нь Улаанбаатар хотоос Дорноговь аймагт очиж хэргийг үйлдсэн гэж мэдээлээд байгаа. Мөн тухайн гэмт хэрэгтэн “Г” нь өмнө нь ял эдэлж байгаад тэнсэнгээр гарч ирсэн гэдэг мэдээллүүд ч цацагдаад байгаа юм. Тэгвэл Монгол улсад магадлангаар буюу тэнсэнгээр гарч ирсэн гэмт хэрэгтнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон цагдаагийн байгууллага нь хяналт тавьдаг. Гэсэн ч тухайн магадлангаар гарч ирсэн этгээдийг ямар нэгэн байдлаар зорчих хөдөлгөөнийг хаах бусад хөдөлгөөнд хяналт тавьдаг эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Мөн манай улсад өршөөлийн тухай хуульд хамрагдсан эсвэл тэнсэнгээр гарч ирсэн этгээдийн засан хүмүүжигдсэн байдлыг хэрхэн үнэлж тогтоодог нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл тус асуудал болон хүүхэд хамгааллын бусад чиглэлийн хууль, эрхзүйн орчныг чангатгах талаар салбарын сайд мэдээллээ. Хүүхэдтэй холбоотой гэмт хэрэгтний ялын хугацааг 20 жил байсныг 25 жил болгож нэмэгдүүлэх, өршөөлийн хууль тогтоомжид хамруулахгүй байх зэргээр хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлж хянах тогтолцоог дэлхийн бусад улсад хэрэгжүүлдэг. Тухайлбал тухайн гэмт хэрэгтнийг ялаа эдэлж байхдаа хүмүүжсэн эсэхэд үнэлгээ хийх мөн ялаа эдэлж дууссаны дараа хаана хэрхэн ажиллаж амьдарч байгааг хянах тогтолцоо байдаг. БНСУ гэхэд гэмт хэрэгтний тухай мэдээллийг олон нийтэд түгээж байршиж байгаа газрын мэдээллийг иргэдэд хүргэдэг. Мөн хохирогч гэрчийг хамгаалах систем маш сайн хөгжсөн байдаг.