Маэстро Б.Энхбаатар А.Дворжакын бүтээлүүдийг удирдан тоглуулна

Монгол улсын Хөгжмийн Урлагийн төв байгууллага болох улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн нээлт энэ сард тохиож байна. Нээлтийн тоглолтын удирдаачаар Монгол улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Ц.Баатаржав агсны хүү Б.Энхбаатар урилгаар ажиллахаар болжээ. Тэрээр 1996 оноос ОХУ-ын Екатеринбург хотын Уралын эрдмийн Филармонийн найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх уран бүтээлч юм.

Жил бүрийн намар соёл урлагийн байгууллага, театрууд улирлын нээлтээ томоохон жүжиг, тоглолтоор эхлүүлдэг. Энэ дагуу манай улсын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Монгол улсын Филармони үзвэрийн 51 дэх жилийн нээлтийн тоглолтоо 10-р сарын 15-нд хийх гэж байна. Тус тоглолтод ОХУ-ын Уралын эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар урилгаар оролцож байна. Тэрээр 2014 оны төрийн наадмын концертыг удирдан эгшиглүүлэхээр урилгаар ирж байжээ. Харин энэ удаад Филарманийн тоглолтыг удирдаж байгаа нь манай улсын хөгжмийн түүхэнд томоохон ач холбогдол өгөхүйц үйл явдал гэдгийг уран бүтээлчид онцлон хэлж байна.

Тоглолтын хөтөлбөрт 19-р зууны Романтизмийн үеийн төлөөлөгчдийн нэг, Чехийн нэрт хөгжмийн зохиолч Антонин Дворжакын бүтээлүүд тоглогдоно. Тэр дундаа “The Water Goblin” буюу “Усны Чөтгөр” зохиол нь манай улсад анх удаа эгшиглэх гэж байна. Мөн түүний 9-р симфони нь дэлхийн А зэрэглэлийн бүтээл юм.

Монгол улсын уран бүтээлчид салбар бүрт томоохон амжилт гаргаж, дэлхийд үнэлэгдэж байгаагийн нэгэн жишээ нь нэрт удирдаач, Маэстро Б.Энхбаатар юм. Улсын Филармонийн зүгээс цаашид олон улсад үнэлэгдсэн уран бүтээлчдээ эргүүлэн эх орондоо урьж, тэдний туршлага мэдлэгээс суралцаж, хамтдаа хөгжих боломжийг илэрхийлж байгааг онцолж байсан юм.