Энэ жилийн эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнаар Харвардын их сургуулийн академич, профессор Клаудиа Голдин тодорчээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний асуудлаар хийсэн судалгааны бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн байна.
Профессор Голдины судалгаа нь хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсээс хамаарсан цалингийн зөрүү хэрхэн үүсдэг тухай нарийн ойлголтыг өгч чадсан тул уг нэр хүндтэй шагналыг хүртэхээр болжээ.
Шведийн хааны Шинжлэх ухааны академиас эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнаар гурав дахь удаагаа эмэгтэй эрдэмтэн шалгарсныг онцлоод профессор Клаудиа Голдин өөрийн бие даасан судалгааны ажлаараа Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй болсон төдийгүй шагналаа бусадтай хуваалцахгүй анхны эмэгтэй болж байна гэдгийг мэдээлжээ.
Өдгөө 77 настай профессор Клаудиа Голдин АНУ-ын Харвардын их сургуульд хөдөлмөрийн зах зээлийн түүхийн хичээл заадаг байна. Тэрбээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 200 жилийн дата мэдээллийг судалж, орлого, ажил эрхлэлтийн түвшин дэх хүйсийн ялгаа хэрхэн, яагаад цаг хугацааны явцад өөрчлөгддөг болохыг судалгааны ажлаараа харуулж чаджээ.
Тэрбээр судалгааны ажилдаа 1800-аад онд үйлдвэржилтийн эрин үе эхэлснээс хойш гэрлэсэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо хумигдмал байсныг онцлон дурдсан байна. Гэхдээ 1900-аад онд үйлчилгээний эдийн засаг өсөхийн хэрээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин, орлого даган өссөнийг мөн тогтоожээ. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг нь тэдний нийгэм дэх оролцоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлснийг профессор Клаудиа Голдин судалгаагаараа нотолсон байна.