Израилын арми газын зурвасыг хэдэн талаас нь бүсэлж хоол, хүнс, шатахууны хангамжийг тасалжээ

Энэ сарын 7-ны өдөр Исламын зэвсэгт “Хамас” бүлэглэл Израилын хэд хэдэн хотод сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн их хор хөнөөл дагуулсан халдлага үйлдсэн юм. Тэгвэл Хамас бүлэглэлийн удирдлага дор байгаа газын зурвасыг “Хэдэн талаас нь бүсэлж” цахилгаан эрчим хүчийг нь тасалж, хоол хүнс, түлшний хангамжийг зогсоосноо израилын батлан хамгаалахын сайд Йоав Галлант өчигдөр буюу даваа гарагт мэдээлжээ.

Газын зурвасыг бүрэн эрхшээлдээ оруулах зорилготой Израилын армийн бүслэлтийн ажиллагаа 2007 оны 6-р сараас хойш хэрэгжиж байгаа юм байна. Израил газын зурвасын агаарын орон зай, тус нутаг дэвсгэрийн ус, түлш, шатахууны хангамжийг нийлүүлдэг төдийгүй тусгаарлагдсан бүс нутгийн газар дундын тэнгистэй нийлдэг хэсэг дахь гурван хилийн боомтын хоёрыг нь өөрийн мэдэлд байлгадаг бол үлдсэн нэг усан хилийн боомт нь Египет болон Хамас бүлэглэлийн хяналтад байдаг ажээ. Харин даваа гарагт Израилын Батлан хамгаалахын сайд Й.Галлант “Бид газын зурвасыг бүсэлж, битүүмжилж, цахилгаан, ус, байгалийн хий, шатахууны хангамжийг бүрэн зогсоолоо.” хэмээн мэдэгдсэн байна.

Хамас зэвсэгт бүлэглэлийн гэнэтийн халдлагын уршгаар Израил улсад 900 гаруй хүн амиа алдаад байгаа бол Израилын армийн хариу агаарын цохилт, бүслэлтийн ажиллагааны үеэр 600 орчим хүн амиа алдсаныг газын зурваст үйл ажиллагаа явуулдаг сайн дурын хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

Даваа гарагт Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Хамас террорист бүлэглэлийн эсрэг израилын тал асар их цэргийн хүч ашиглана” гэж анхааруулжээ. Тэрээр мөн “Их хэмжээний хохирол дагуулсан гэнэтийн халдлагын хариуг барих ажиллагаа дөнгөж эхэлж байна. Бидний цаашид хийх зүйлсийг тэд үеийн үедээ мартахгүй. Тарчлан зовох болно.” хэмээн телевизийн шууд дамжуулалтын үеэр мэдэгдсэн байна.

Израилын Засгийн газар 48 цагийн хугацаанд 300 мянган цэргийн бэлтгэл хүчнийг маш түргэн, богино хугацаанд нэгтгэж чадсан бөгөөд мөн хугацаанд газын зурвасыг ч бүсэлж чаджээ. Тэгвэл Хамас зэвсэгт бүлэглэл Израилын армийн алба хаагчид газын зурваст нэвтэрсэн тохиолдолд барьцааны 100 гаруй хүний амийг нэг нэгээр нь хөнөөнө гэдгээ анхааруулсан байна.

Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Израилын арми газын зурваст 1600 гаруй удаагийн пуужингийн болон дроны цохилт өгсөн байна.

Дайн эхэлснээс хойш газын зурвасаас 120 мянга гаруй оршин суугч Палестин болон Израил хоёр улс руу дүрвэснийг НҮБ-аас мэдээлжээ.