Судалгаагаар 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай байгаа нь тогтоогджээ                                                                       

Манай улсад хамгийн сүүлд 2013 онд нийт иргэдийн дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгааг СЭМҮТ-өөс хийж байжээ. Уг судалгаагаар 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай байгаа нь тогтоогдсон байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд сэтгэцийн эмгэгийн тархалтыг тодорхойлох судалгаа огт хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн салбарт судалгаа шинжилгээний ажил тун цөөн нотолгоонд суурилж байгаа юм. Иймд нийт иргэдийн дунд сэтгэцийн эмгэг тодорхойлох томоохон судалгааг хийх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна.

2013 онд хийгдсэн сэтгэцийн эмгэгийн судалгаагаар:

  • 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байна гэж гарсан. Тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд ойролцоогоор
  • 5 хүн тутмын 1 нь сэтгэл түгших эмгэгтэй
  • 5-6 хүн тутмын 1 нь органик бус нойрны эмгэгтэй
  • 6 хүн тутмын 1 нь архаг ядаргаатай
  • 8 хүн тутмын 1 нь тайлбарлаж болмооргүй зовуурь шаналгаа эмгэгтэй
  • 15-16 хүн тутмын 1 нь архинд донтох эмгэгтэй
  • 16 хүн тутмын 1 нь сэтгэл гутрах эмгэгтэй гэх судалгаа гарч байжээ

Иймээс хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд нийгмийн өнөөгийн байдал нотолгоонд суурилсан тоо баримтыг тодорхойлох системтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийх шаардлагатай байна.

Улсын хэмжээнд томоохон судалгаа шинжилгээг хийхэд ихээхэн хэмжээний төсөв мөнгө шаардагддаг учир тэр бүр хийж чаддаггүй байна. Тиймээс холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүр уриан дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.