Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэхэд хяналтын камер чухал нөлөөтэй. 2022 оны байдлаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын хяналтад байгаа 10.000 гаруй камераас ердөө 60 орчим хувь нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин бусад камер нь дүрс бичлэгийн шаардлага хангахгүй, эвдрэл гэмтэлтэй байгаа юм байна.
Камерын ашиглалт, арчлалтыг орон нутаг болон дүүргүүд өөрсдөө хариуцахаар хуульд тусгасан байдаг. Гэвч хараа хяналт бага, алслагдмал хорооны гудамж, талбайгаар хяналтын камер байхгүй нь их. Харин хүнсний дэлгүүр, хүн олноор явдаг гудамж талбайгаар цөөн тооны камер суурилуулсан байгаа ч үүнийхээ эвдрэл гэмтлийг хянадаггүй, засдаггүй гэдгийг иргэд хэлж байна.
Хяналтын камер нь төрлөөсөө шалтгаалаад 2-5 жилийн насжилттай байдаг. Мөн Монгол улсын хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалаад камерын арчилгаа, засварыг байнга анхаарах хэрэгтэй болдог байна. Мөн нэг камерын үндсэн үнэ болон суурилуулах зардалд ойролцоогоор 200.000 гаруй төгрөгийг зарцуулдаг гэж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар замын зөрчил, хэв журмын зөрчил зэргийн торгуулийн орлогын 20 орчим хувийг камержуулалтын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг байна. Одоогоор хяналтын камерыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч санхүүжилтийн асуудлаас үүдэж хөдөө орон нутаг, алслагдсан хороодыг бүрэн камержуулж чадахгүй байгааг цагдаагийн ерөнхий газраас тайлбарлаж байна.