БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумер тэргүүтэй улс төрийн хоёр намын төлөөлөгчдийг даваа гарагт хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Ши Жиньпин Бээжин, Вашингтоны харилцааг тогтворжуулах талаар нааштай байр суурь илэрхийлжээ.
Чак Шумер тэргүүтэй Сенаторууд Хятад улсын Гадаад Хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийснийхээ дараа даваа гарагт Бээжин хотноо Ши Жиньпин даргатай уулзсан байна.
Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд үүсэн зөрчлийн улмаас хоёр орны харилцаа түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Харин Ши Жиньпин “Хятад Америкийн харилцаа нь дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа бөгөөд хоёр орны тогтвортой харилцаа хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаг тодорхойлох болно” гэдгийг уулзалтын үеэр онцолжээ.
Мөн тэрээр цар тахлын дараах сэргэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн олон сорилтыг шийдвэрлэхэд хоёр улс хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурджээ.
Хоёр улсын эрх баригчид хагас дамжуулагч болон бусад дэвшилтэт технологиудын хөгжлийг тодорхойлохын тулд харилцан экспортын хориг тавиад байгаа. Тэгвэл ирэх сард Сан Франциско хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт болох эсэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.