НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал асуулга болсон бөгөөд үүний дараа ОХУ хүний эрхийн зөвлөлд эргэн суудал авч чадаагүй байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал асуулга болсон бөгөөд үүний дараа ОХУ хүний эрхийн зөвлөлд эргэн суудал авч чадаагүй байна. Өнгөрсөн жил ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт бүрэн хэмжээний эзлэн түрэмгийлэл эхлүүлсний дараа Москва НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний эрхээ алдсан юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт суух эрхээ эргүүлэн авах ОХУ-ын оролдлогыг Ерөнхий Ассамблейн санал хураалтын үр дүнд үндэслэн түдгэлзүүлжээ. Зүүн Европын бүс нутгийн бүлгийг төлөөлдөг Женевт төвтэй Хүний эрхийн зөвлөлд суух хоёр суудлын төлөө Орос, Албани, Болгар гэсэн гурван улс өрсөлдсөн байна. Нууц санал хураалтаар Болгар 160, Албани 123, харин Орос улс ердөө 83 санал авчээ. ОХУ-ын дипломат төлөөлөгч нууц санал хураалтаар дийлэнх олонхын дэмжлэгийг авч хүний эрхийн зөвлөлд суудал авах нь гарцаагүй” гэдэгт итгэлтэй байсан юм. Гэвч ердөө 83 санал авсан нь НҮБ-ын гишүүн 193 орны тал хувьд ч хүрээгүй байна.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд суудал авахын төлөө ази тивийн бүс нутгаас Хятад, Япон, Кувейт, Индонез гэсэн дөрвөн улс нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч хүний эрхийн байгууллагууд Хятад улсын нэр дэвших шийдвэрийг хурцаар шүүмжилж, Шинжаан Уйгур дахь Исламын шашинтнуудын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдөд уриалж байжээ.

Уг санал асуулгыг Индонез улс 186 саналаар тэргүүлж, Кувейт 183, Япон улс 175 саналаар удаалсан бол Хятад улс хамгийн сүүлд орсон ч гэлээ нийт 164 санал авснаар эдгээр 4 улс дийлэнх олонхын дэмжлэгийг авч чадсан тул НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд суудал авах нь тодорхой болсон байна.

Гэвч шүүмжлэгчид, хүний эрхийн идэвхтнүүд БНХАУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэхийг НҮБ-ын хууль тогтоогчдод уриалжээ. Өнгөрсөн жил НҮБ-ын Хүний эрхийн комиссарын дээд газраас нийтэлсэн тайланд Хятад улс Шинжааны баруун бүс нутагт Уйгур болон бусад Исламын шашинт угсаатнуудыг ялгаварлан гадуурхаж, баривчилсан нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэдгийг онцолж байсан юм.