Сүүлийн 5 жилийн хугацаанд хувийн таксины жолооч нар нийт 133 хүний  биед халдаж, ноцтойгоор гэмтээжээ

Судалгаагаар улсын хэмжээнд 2018 оноос хойш нийт 3100 орчим таксины жолооч гэмт хэрэгт холбогджээ. Үүнээс 133 нь хүний биед халдаж, эрүүл мэндэд нь ноцтой гэмтэл учруулсан байна. Сайншанд сумын 12 настай охин анх алга болохдоо такси үйлчилгээ авсан байдаг бөгөөд тухайн машины жолооч тээврийн хэрэгслийн улсын дугаараа сольсон, машины өнгөө хувиргасан зэрэг олон сэжигтэй үйлдэл гаргасан байсан нь хожмоо ил болсон юм. Энэхүү хэрэг   явдалтай холбогдуулан тус сумын иргэд болоод бага насны хүүхэд такси үйлчилгээ авахаас эмээдэг болжээ.

Тус сумын зарим алслагдсан бүст нийтийн тээвэр, такси үйлчилгээний хүрэлцээ муу байдаг байна. Өнөөдрийн байдлаар Сайншанд сумын хэмжээнд 2 аж ахуй нэгжийн 130 орчим такси үйлчилгээнд явдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж тус сумын захиргааны зүгээс Улаанбаатар хотын такси үйлчилгээний компанитай хамтрах, хар хайрцаг, таних тэмдгийг жолооч нарт зүүлгэж бүртгэлжүүлэх зэрэг ажлуудыг хийхээ мэдэгдсэн байна.

Сайншанд сумын иргэдийн зүгээс алслагдсан гэр хорооллын бүс рүү зорчих нийтийн тээврийг хүртээмжтэй болгохыг хүсэж байгаа юм. Такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргүүд гарсаар байгаа нь нутгийн иргэдийг болгоомжилж, сэрэмжлүүлэхэд хүргэж байгаа юм байна.