Үйлчлүүлэгчийнхээ мартаж буусан эд зүйлсийг завших гэмт хэрэг таксины жолооч нарын дунд түгээмэл гардаг

Улсын хэмжээнд такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдэх тохиолдол гарсаар л байгаа. Энэ нь таксины нэгдсэн бүртгэлжүүлэлт байдаггүйтэй холбоотой байдаг талаар цагдаагийн байгууллагаас хэлсэн байна. Тиймээс таксины жолооч болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд такси үйлчилгээг бүргтгэлжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

  • 2018 оноос хойш нийслэл хотод такси үйлчилгээтэй холбоотой нийт 2900 гаруй хэрэг гарсан байна. Харин орон нутагт такси үйлчилгээтэй холбоотой 180 орчим хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
  • Тэгвэл улсын хэмжээнд зөвхөн таксины жолоочтой холбоотой 2700 гаруй хэрэг бүртгэгдсэнээс 2600 гаруй нь буюу 95 орчим хувь нь нийслэлд бүртгэгджээ.
  • Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн таксины жолоочтой холбоотой хэрэг нь ихэвчлэн үйлчлүүлэгчийнхээ мартаж буусан эд зүйлсийг завших эсвэл хулгайлах хэрэг зөрчлүүд байгаа бол хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд ч мөн цөөнгүй бүртгэгдсэн  байна.
  • Тухайлбал, 2018 оноос хойш 62 таксины жолооч хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Таксины жолоочид иргэдийн эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, зарим тохиолдолд бэлгийн сэдэлтэй үйлдэл гаргах, үг хэлээр доромжлох үйлдлүүд гаргах тохиолдол их байдаг. Тиймээс таксины жолоочдыг нэгдсэн байдлаар бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлагатайг хэлж байна. Мөн шөнийн цагаар нийтийн тээврийг үйлчилгээнд явуулах хэрэгцээ байгааг иргэд онцлон хэлж байсан юм.

Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 9 ААН, байгууллагын 238 такси үйлчилгээнд явж байгаа юм байна. Эдгээр зөвшөөрөлтэй ААН байгууллагуудтай нийтийн тээврийн газар гэрээ байгуулан хяналт тавьдаг байна. Харин хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг ямар нэгэн байдлаар хянах тогтолцоо одоогоор манай улсад байхгүй байгаа юм.

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэд гэмт хэрэг үйлдэх эсрэгээрээ гэмт хэргийн хохирогч болох зэрэг олон эрсдэлүүд одоогийн нөхцөл байдалд үүсээд байгаа юм. Тиймээс такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан хугацаанд авах хэрэгтэйг иргэд илэрхийлж байна.