Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана, өршөөл үзүүлэхгүй

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр ЗГ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна. Ингэснээр уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар тусгажээ.

Тухайлбал,

  • Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байна гэж заасан байдаг. Харин эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг 30 жил болгохоор тусгажээ.
  • Мөн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
  • Хугацаанаас нь өмнө суллахгүй,
  • Хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор тусгажээ.

2015 онд батлагдсан эрүүгийн хуульд "Бага насны хүүхэд" гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж заасан байдаг. Харин одоо танилцуулж байгаа хуулийн төсөлд 16 нас хүрээгүй гэж оруулах юм байна.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан эсвэл хугацаанаас өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглаж хяналт тогтоохоор болжээ.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Хуультай холбогдуулан хүүхдийг төрсөн цагаас нь төрсний гэрчилгээ олгохтой зэрэгцэн хүүхэд хамгааллын цахим системтэй болгоно гэдгийг ХНХ-ын сайд мэдээллээ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон байна. Тус хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах юм.