БНФУ-ын Нантын түүхийн музейд анх удаа

Энэ аравдугаар сард хүн төрөлхтний түүхэн дэх хүчирхэг байлдан дагуулагчдын нэг Чингис хааны тухай үзэсгэлэн Бүгд Найрамдах Франц улсад гарах гэж байна. Тус үзэсгэлэн Франц улсад төдийгүй Европ тивд Монгол улсын түүхийг өгүүлж байгаа анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнд Францын Үндэсний архив, Луврын музей зэрэг дэлхийн 10 орчим улсад хадгалагдаж байгаа Монголын эзэнт гүрэнтэй холбоотой эд өлгийн үзмэрүүд дэлгэгдэх ажээ. Мөн манай улсын “Чингис хаан” үндэсний музей, Хархорум музей, Үндэсний музей, Археологийн хүрээлэн зэрэгт хадгалагдаж байгаа 200 гаруй үзмэр дэлгэгдэх юм байна.

Энэ оны 10-р сарын 14-нд "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" сэдэвт үзэсгэлэн БНФУ-ын Нант хотын Бреттанийн Гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд нээхээр бэлтгэл ажлаа хангажээ. Энэ нь 2006 онд ХБНГУ-д Монголын эзэнт гүрний тухай гарч байснаас хойших хамгийн том үзэсгэлэн болж байна.

Үзэсгэлэнд Францын Үндэсний архив, Димейн музей, Луврын музей зэрэг дэлхийн 10 гаруй улсад хадгалагдаж байгаа Монголын эзэнт гүрний үетэй холбоотой 400 гаруй олдвор дурсгал, хувь цуглуулагчийн үзмэрүүдийг дэлгэх юм байна. Тухайлбал Өлзийт, Аргун Их Хаадын Монгол бичгээр бичсэн захидлууд эх хувиараа, Луврын музейд хадгалагдаж байгаа Ил хаантын үеийн ваар сав дэлгэгдэхээр болжээ. Тиймээс энэ нь найман зууны дараа Монголын эзэнт гүрний үеийн дурсгалуудыг нэг дор цуглуулж байгаагаараа ховор боломж байна. Харин манай улсад археологийн дурсгалуудыг даатгах компани байдаггүй учир тээвэрлэлт, даатгалын асуудлыг олон улсын байгууллагууд гүйцэтгэж байна.

Энэхүү үзэсгэлэнг гаргаснаар Чингис хааны болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөг дэлхий дахинд харуулах боломж олгож байгааг манай талаас онцолж байна.

Мөн цаашдын соёл, музейн олон улсын хамтын ажиллагааны эхлэл тавигдана гэж үзжээ.

БНФУ-ийн Нант хотын Бреттанийн Гүнгийн цайзыг жилд 1.3 сая гаруй үзэгч зорин очдог гэх судалгаа байна. Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны тухай өгүүлэх үзэсгэлэн Бреттанийн Гүнгийн цайзын Нантын түүхийн музейд 2024 оны 5-р сарын 5-ыг дуустал үргэлжлэн гарах юм байна.