Пүрэв гарагт ОХУ-ын армийн алба хаагчид Украины зүүн бүс нутгийн Авдеевка хот руу довтолжээ. Оросын армийн гурван батальон, 2000 орчим цэрэг олон арван хуягт машин хөлөглөн, сөнөөгч онгоцны дэмжлэгтэйгээр Украины зүүн бүс нутагт томоохон хэмжээний халдлага үйлдсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.
Тэгвэл Украины жанжин штаб Авдеевка хот болон ойролцоох бүс нутагт эзлэн түрэмгийлэгчдийн хэд хэдэн удаагийн давшилтыг амжилттай няцааснаа мэдэгджээ. Украины 59-р бригадын офицер Сергей Цеховский “Оросууд довтолгоогоо өргөн фронтод эхлүүлсэн. Дайн эхэлснээс хойш бид ийм эрчимтэй давшилттай нүүр тулаагүй. Тэд олон тооны пуужин харваж, их буу, танк, явган цэргүүдийг нэгэн зэрэг ашиглаж байна” хэмээн мэдээлсэн байна. Авдеевкаг Украины Донбас мужийн төв Донецк хот руу нэвтрэх гарц гэж тодорхойлдог. Хэдийгээр Оросын арми Донецк хотыг 2014 онд эрхшээлдээ оруулсан ч Украины арми фронтын шугамд хэт ойрхон байгаа тул тэд Авдеевка орчмын бүс нутгийг цэргийн харилцаа холбооны төв болгон ашиглаж чадахгүй байгаа юм. Харин Авдеевкаг эзлэн авснаар Оросын түрэмгийлэгчид фронтын шугамыг шахаж, өөртөө газар зүйн давуу тал олж авах боломжтой юм байна.
Авдеевка хотын Цэргийн захиргааны дарга Виталий Барабаш "Сүүлийн гурван хоногийн турш ОХУ-ын арми их буу, пуужингаар довтолж байна. Нэг өдөрт багадаа 500-600 удаа цохилт өгч байгаа нь бэхлэлтийг сэтлэхээр улайрч байгаа явдал” хэмээн хэвлэлд ярьжээ. Дайн дэгдэхээс өмнө Авдеевка хот 200 мянга орчим оршин суугчтай байсан бол өдгөө 1600 хүн агаарын довтолгооны сүүдэр дор орон сууцны зоорины давхарт толгой хоргодож байна. ОХУ-ын гэнэтийн давшилт, агаарын цохилтын уршгаар сүүлийн гурав хоногийн хугацаанд Авдеевка хотын 2 оршин суугч амиа алджээ. Оросын арми гэнэтийн давшилтаараа Украины Авдеевка, Бердычи, Өмнө зүгт Тоненьке, Северне зэрэг суурин газрыг эзлэх зорилготой байж болзошгүй байна.
Пүрэв гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Оросын арми Украины Авдеевка орчимд байр сууриа бэхжүүлсэн” гэдгийг баталгаажуулан мэдэгджээ. Мөн зарим шинжээчид Оросын арми Украины стратегийн зарим байршлуудыг эзэлж, Степове руу хэдийнээ нэвтэрсэн гэж мэдээлж байна. Тэгвэл Украины арми эдгээр мэдээллийг няцааж байгаа ч Өрнөдийн хэвлэлүүдийн хиймэл дагуулаас авсан зурагт 2 талын хооронд ширүүн тулаан өрнөж байгааг харж болохоор байна. Украины зэвсэгт хүчний сөрөг давшилтаараа эргэн өөртөө нэгтгэж, стратегийн багахан ч гэсэн давуу тал болсон бүс нутгийг Оросын арми бүсэлж, бэхлэлтийг сэтлэх гэж байгаа нь хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт буусан байна.