Монгол Улс руу орж ирэх ачаа бараа “Тяньжин” боомт дээр уддагаас шалтгаалж тээврийн зардал нэмэгддэг

Далайд гарцгүй Монгол улс импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг БНХАУ-ын далайн боомтуудаар тэр дундаа Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэдэг. Харин үүнээс шалтгаалж ачаа бараа Тяньжин боомт дээр уддаг мөн тээврийн зардал ч нэмэгддэг байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хуурай боомтуудыг байгуулах, тэдгээрийн тоог нэмэгдүүлэх, төмөр замаар зөөвөрлөх ачаа барааны эргэлтийг сайжруулах хэрэгтэй гэж салбарынхан хэлж байна.

Монгол Улс импортын бараа бүтээгдэхүүний ихэнх хувиа Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэдэг. Тэгвэл тус боомтод үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг багасгахын тулд БНХАУ-ын Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болох талаар салбарын яам ажиллаж  байна.

Хуурай боомтын асуудлыг шийдвэрлэж чадвал тээвэр логистикийн зардал буурч эдийн засагт өгөөжөө өгөх нөхцөл бүрдэх юм. Мөн импортын ачаа барааг Монгол Улс руу тээвэрлэж байгаа машин болон вагон нь буцахдаа хоосон явдаг тул уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр тээврийн зардалд эергээр нөлөөлөх юм.