Чойжин ламын сүм музейн цогцолборын нэг хэсэг болох Ядам сүмд 62 жилийн дараагаар иж бүрэн сэргээн засварлалт хийгдсэн байна. Тус музейн цогцолбор нь манай улсын түүх соёлын дурсгалт барилга, үнэт өвд тооцогддог учир барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйн тулд 5 жилийн туршид нарийн судалгаа хийсэн байна. Сэргээн засварлалтыг 2022 онд эхэлж төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өгчээ.
Монголын түүх, шашин соёл, уран барилга, архитектурын дахин давтагдашгүй өв болох Чойжин ламын сүм музей нь одоогоос 115 жилийн өмнө буюу 1904-1908 онд баригджээ. Нийт 5 сүм бүхий тус цогцолборт 1961 онд иж бүрэн, цогц сэргээн засварлалт хийгдсэн түүхтэй. Түүнээс хойш хэсэгчилсэн засварын ажлууд хийгдэж байсан ч 62 жилийн турш иж бүрэн засвар, бэхжүүлэлт хийгдээгүйн улмаас барилгын чанар, уран хийц алдагдаж музейн үнэт өвүүд устах, гэмтэх эрсдэл үүсээд байжээ. Тиймээс 2018 онд музейн цогцолборын нэг болох “Ядам” сүмийг сэргээн засварлах судалгаа, шинжилгээний ажил хийгдэж, төсөл боловсруулснаар 6 жилийн дараагаар иж бүрэн сэргээн засварлалт хийгдэж дуусжээ.
Чойжин ламын сүм музейн цогцолборын “Ядам” сүм нь архитектурын болон барилгын хийц, ур чадварын хувьд гайхалтай гүйцэтгэлтэй. Мөн Монгол улсын шашны, түүхийн хосгүй үнэт өв учир сэргээн засварлах нь зүйтэй гэж үзэн тус сүмийг сонгосон байна. Энэхүү сүм нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв зүрхэнд байрладаг ба цогцолбор нь түүх соёлын хосгүй үнэт өв учир соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Соёлын яамны дэргэдэх дэд сайдаар ахлуулсан сэргээн засварлалтын мэргэжлийн зөвлөл нь төслийн багийг мэргэжлийн арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажилласан байна. Иж бүрэн засварын хүрээнд сүмийн дээврийн хөх тоосгон ваарыг хэсэгчлэн сольж, хаалга цонх зэрэг модон хийцийн өнгө будгийг сэргээн, бэхжүүлжээ. Мөн дээврийн дэлний чимэглэл, сүмийн үндсэн хийцлэлүүдийг сэргээжээ. Ингэхдээ олон улсын туршлагыг “Ядам” сүмийн сэргээн засварлалтын төсөл нь цаашид бусад түүхэн барилгуудыг олон улсын жишгээр сэргээн засварлахад томоохон жишиг болж байгааг төслийн санаачлагчид онцолж байсан юм. Чойжин ламын сүм музей нь нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий цогцолбор бөгөөд үлдсэн сүм, соёлын өвүүдийг сэргээн засварлах ажлыг Соёлын яамнаас хэрэгжүүлж байна.