Дорноговь аймагт амиа алдсан 12 настай охин хичээлдээ ирээгүй тул ангийн багш нь түүний гэр бүлээс лавлаж асууснаар охиныг хулгайлагдсан гэдгийг мэдсэн. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч болон багш нарын хамтын ажиллагаа чухал шаардлагатай гэдгийг дээрх хэрэг харуулж байна.
Хүүхэд амьдралынхаа дийлэнх хугацааг сургуулийн орчинд өнгөрүүлдэг. Иймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь сурган хүмүүжүүлэгч багш болоод эцэг эхчүүдийн үүрэг юм. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эхний ээлжид ирц бүртгэл хийх нь чухал байдаг ба ингэснээр хичээлдээ ирээгүй хүүхдэд хараа хяналт тавих боломж бүрдэх юм. Түүнчлэн бага ангийн сурагчдыг хичээл эхлэх болон тарах үед эцэг эхэд нь заавал хүлээлгэн өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх ёстойг албаныхан мэдээлж байна.
Зарим эцэг эхчүүд ажлаас шалтгаалаад хүүхдээ товлосон цагтаа авч амжихгүй хоцрох үе гардаг байна. Энэ үед хүүхдүүд ганцаараа үлдсэндээ гутрах, зугтааж гарах зэрэг үйлдлүүдийг үзүүлдэг болохыг багшийн зүгээс мэдээлж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид ч хариуцлагаа дээшлүүлж, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.