Өнгөрсөн долоо хоногт Франц улсын цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч, нийлүүлэгч “Орано Майнинг” группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн “Франц Монгол хоёр улс уран олборлох 1.7 тэрбум америк.долларын хэлэлцээний төсөлд гарын үсэг зурсныг” хэвлэлд ярьжээ. Хэлэлцээний дагуу Францын “Орано Майнинг” групп Монголын өмнөд нутагт байрлах Зөөвч-Овооны уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд хамтын ажиллагааны шаваа тавьж, 2028 онд ураны олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөснийг Японы томоохон хэвлэлүүд онцолжээ.
Франц, Монгол хоёр улсын төрийн тэргүүн нар Францын Елисейн ордонд хэлэлцээ хийсний дараа “Орано Майнинг” группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн “Удирдагч нарын улс төрийн хүчтэй дэмжлэг бидний хувьд үнэлж баршгүй баялаг юм” хэмээн мэдэгджээ. Талуудын хэлэлцээний протоколын дагуу Францын хөрөнгө оруулалт, Монголын оролцоотойгоор ураны олборлолтыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Хоёр улсын төр, засгийн хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгал дунд өрнөж байгаагийн илэрхийлэл бол Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Франц улсад хийсэн гурван өдрийн төрийн айлчлал байлаа. Мөн өнгөрсөн 5-р сард Эммануэль Макрон Монгол улсад айлчилснаар тус улсад төрийн айлчлал хийсэн Францын анхны ерөнхийлөгч болсон юм.
Монгол улс "Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Хятад, Орос хоёр улстай харилцах харилцаанаас гадна дипломат харилцаа холбоогоо өргөжүүлэхийг хүсэж байгаа бол Франц улс газрын ховор элемент, материалын эх үүсвэр, нийлүүлэгчээ төрөлжүүлэхийг хүчтэй эрмэлзэж байгаа юм. Мөн Францын Засгийн газар Орано төсөл нь ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл ОУ-ын Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаачид Франц улс түүхий эдийн нөөцөө төрөлжүүлэх, баталгаажуулах чиглэлээр шаргуу ажиллаж байгаа төдийгүй Монгол улс тэдний шаардлагад нийцэж, мөн тохирч байгаа гэж үзэж байна. Францын Орано групп нь Монгол дахь үйл ажиллагаагаа “Арева Монгол” нэрэн дор явуулдаг төдийгүй Монголын Засгийн газартай хамтарсан "Бадрах Энержи" компани хувь эзэмшигчээр бүртгэлтэй байна. Аревагийн хайгуулчид Монгол улсад сүүлийн хорин жилийн турш хайгуул хийсний үр дүнд “Дулаан уул” орчимд нөөц байгааг олж тогтоогоод байгаа юм.
Хөндлөнгийн шүүмжлэгчдийн зүгээс Монголын гуравдагч хөршийн бодлого хэр үр дүнтэй байдаг тухай үргэлж байцааж асуудаг. Учир нь Монгол улсын гуравдагч хөршийн бодлого нь үргэлж харилцан ашиггүй, асуудал дагуулсан гэрээ, хэлцлээр өндөрлөдөг гэж шүүмжлүүлдэг байсан. Харин Парис хотноо Монгол Франц хоёр улсын төрийн тэргүүний гарын үсэг зурсан уран олборлох хэлэлцээний протокол нь харилцан ашигтай, үр дүнтэй гэж шинжээчид дүгнэжээ. Гэхдээ бүх зүйл эцэслэгдэн шийдэгдээгүй байгааг тэд мөн сануулж байна.
“Монголчууд өөрт нь тулгарсан бүтцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Франц улстай түншлэл байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Учир нь Монголын хоёр хөрш Монголыг аливаа стратегийн түншлэлдээ багтаахыг эрмэлздэггүй, хүсэхгүй байгаа гэдгээ ч илэрхийлдэг” хэмээн ОУ-ын судлаачид үзжээ.
Тэгвэл францын ерөнхийлөгчийн тамгын газрын нэрээ нууцалсан удирдах албан тушаалтан "бид маш хязгаарлагдмал нөхцөлд монгол улсад стратегийн бие даасан байдал" байгуулахад, бүтээхэд туслахыг хүсэж байна. Түүнчлэн францын хөгжлийн агентлагаар дамжуулан монгол улсад хэдэн арван сая еврогийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн хөтөлбөрүүдэд оруулахаар зэхэж байна хэмээн онцлон хэлжээ.