Өнгөрөгч бямба гарагт Австрали улс даяар “Нутгийн уугуул иргэдэд улс төрийн давуу эрх олгохтой” холбоотой бүх нийтийн санал асуулга зохион байгуулагджээ. Харин санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх олонх нь нутгийн иргэдэд улс төрийн давуу эрх олгох саналыг эсэргүүцсэн байна.
Нутгийн уугуул иргэдийг “Анхдагчид” гэж Үндсэн хуулийн дагуу хүлээн зөвшөөрөх, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж тэдний эрхийг хамгаалах зөвлөл бий болгох эсэх уг санал асуулгаар олон нийт дургүйцэж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Санал асуулга явуулсан Австралийн Хөдөлмөрийн нам, тэр дундаа Ерөнхий сайд Энтони Албанезе “Өндөр зорилго тавьсны дараа хүч дутах явдал гардаг. Энэ ялагдал хүнд байгаа ч бид ард иргэдийнхээ шийдвэрийг хүндэлж бас ойлгож байна.” хэмээн мэдэгджээ.
“The Voice” хэмээн нэрлэсэн бүх нийтийн санал асуулга нь Австрали улсад сүүлийн 25 жилийн хугацаан дахь анхны ийм төрлийн санал асуулга болжээ.
Саналын хуудасны 70 гаруй хувийг тоолсны дараа "Үгүй" гэсэн санал 60 хувьтай байсан бол “Тийм” гэсэн санал ердөө 10 хувьтай байжээ.
Австралийн уугуул оршин суугчид нь тус улсын нийт хүн амын 4 орчим хувийг бүрдүүлдэг байна. Тэд уг бүс нутагт сүүлийн 60 орчим мянган жил оршин сууж байгаа ч Австралийн Үндсэн хуульд тэдний бүртгэлийг хөтлөхтэй холбоотой онцгойлсон зүйл заалт огт байдаггүй байна.