Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хоногт дунджаар 8000 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна. Үүнээс ердөө 2000 нь бодит дуудлага байдаг бол үлдсэн нь зөвлөгөө авах, эсвэл хуурамч дуудлага байдаг байна. Тэгвэл Шуурхай удирдлагын төвд ирдэг энэ олон тооны хуурамч дуудлага нь зорилтот дуудлагын эзэнд хүрч үйлчлэхэд хамгийн том саад учруулдаг байна.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 101, 102, 103, 105 зэрэг тусгай дугаарт иргэдийн дуудлага мэдээллийг авч харьяа байгууллагуудад дамжуулан хүргэдэг байгууллага юм. Энэхүү төвд хоногт дунджаар 8000 мянган дуудлага мэдээлэл ирдэг ч 6000 орчим нь зөвлөгөө хүссэн, эсвэл хуурамч мэдээлэл бүртгэгддэг байна. Иргэдийн дунд тусгай дугаарын утсанд хандан зөвлөгөө мэдээлэл авч болно гэдэг нь ташаа ойлголт гэдгийг албаныхан онцолж байна.
Сургуулийн цаг эхлэх болон тарах үеэр тоглоомоор залгасан дуудлага ихэсдэг байна. Ингэснээр яаралтай түргэн тусламжийн туслалцаа хэрэгтэй болсон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их ажиглагддаг байна. Мөн иргэдэд хүрч үйлчлэх хугацаа удаашрах эрсдэлийг дагуулдаг байна.
Зарим иргэд удаа дараалан 2-3 удаа хуурамч дуудлага өгөх, хүүхдүүд тоглож залгах зэрэг тохиолдол цөөнгүй гардаг байна. Хэрэв иргэд тусгай дугаарт хуурамч дуудлага мэдээлэл өгвөл зөрчлийн хуулиар хариуцлага тооцож 50.000 төгрөгийн торгууль ногдуулдаг байна.